Эмнэлзүйн удирдамжийг орон даяар хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх семинар Булган нутгаас аяны гараагаа эхэллээ

Монголын Мянганы сорилтын сан (ММСС)-гийн Эрүүл мэндийн төслийн хүрээнд манай улсын хүн амын өвчлөл, эндэгдлийн тэргүүлэх шалтгаан болсон Зонхилон тохиолдох Халдварт бус өвчин “Насанд хүрэгсдийн артерийн гипертензи”, “Чихрийн шижин хэв шинж -2”, “Хөхний өмөн”, “Умайн хүзүүний өмөн” , “Насанд хүрэгсдийн амилуулах суурь тусламж”-ийн эмнэлзүйн удирдамжуудыг гадаад, дотоодын зөвлөхүүд болон бүх шатны эмч, мэргэжилтнүүдийн оролцоотойгоор олон улсын нотолгоо, шилдэг арга туршлагад тулгуурлан боловсруулж, дээрх Удирдамжуудыг гардуулах ёслолын ажиллагаа саяхан 2012 оны 1-р сарын 6-нд ЭМЯ-нд болсон билээ. Үүнтэй уялдуулан ММСС-гийн Эрүүл мэндийн төсөл, ЭМЯ-тай хамтран Зонхилон тохиолдох халдварт бус өвчний эмнэлзүйн удирдамжуудыг хэрэгжүүлэх орон нутгийн төлөвлөгөө боловсруулахад дэмжлэг үзүүлэх зорилгоор орон даяар буюу 21 аймаг тус бүрт нэг өдрийн семинар зохион байгуулах аяны гараагаа 2012 оны 1-р сарын 10-ны өдөр Булган аймгаас эхлэв.
Семинарын үйл ажиллагааг ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Гончигсүрэн нээж, ММСС-гийн Эрүүл мэндийн төслийн захирал А.Мөнхтайван үндсэн илтгэлийг тавьж, Булган аймгийн ЭМГ-ын дарга С.Нарантуяа удирдан явуулав.
Мөн тус семинарт ЗГХА-ЭМГ, ММСС-гийн Эрүүл мэндийн төсөл болон Зөвлөх байгууллага “ЭПОС”, Хавдар Судлалын Үндэсний Төвийн эмч мэргэжилтнүүд, аймаг, сумын ЗДТГ, сумын эрүүл мэндийн төв, сум дундын эмнэлгийн төлөөллийг оролцуулан, Эмнэлзүйн удирдамжийг хэрэгжүүлэх үндэсний болон орон нутгийн төлөвлөгөөний төслийн талаар хэлэлцсэн нь амжилттай боллоо.
Улс орон даяар зохион байгуулж байгаа семинарыг зохион байгуулах орон нутгийн анхны “Алтан хараацай” нь болсон Булган аймгийн ЗДТГ, аймгийн Эрүүл Мэндийн Газар, салбарын нйит эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд, ажилтан албан хаагчид энэхүү аяныг талархан хүлээж авахын зэрэгцээ Эмнэлзүйн удирдамжийг орон нутагт хэрэгжүүлэх энхийн энэ үйлсэд Булган нутгийнхан бусдыгаа манлайлж, загвар аймаг болохоор санаачлага гарган ажиллахаар боллоо.
Ийнхүү семинарыг зохион байгуулахад идэвх зүтгэл гарган ажиллаж, аяны гарааг амжилттай эхлүүлсэн Булган аймгийн ЗДТГ, ЭМГ болон салбарын нийт эмч, мэргэжилтнүүдийн бүтээлч санаачлагыг ЭМЯ, ММСС-гийн Эрүүл мэндийн төслийн хамт олон ч мөн талархан хүлээж авч байгаагаа семинарын үеэр мэдэгдлээ.
ММСС-гийн Эрүүл мэндийн төслөөс нийтдээ 100 сая гаруй төгрөгийн үнэ өртөг бүхий 12,500 ширхэг 5 төрлийн эмнэлзүйн удирдамжийг улсын хэмжээнд ажиллаж буй 216 Өрхийн эрүүл мэндийн төв, 329 сумын 1700 өрх, сумын эмч нар, аймаг, дүүргийн эмнэлэгт ажиллаж буй төрөлжсөн болон тусгай мэргэжлийн 1000 гаруй эмч нарт түүнчлэн Анагаах ухааны их дээд сургууль, коллеж, хувийн эмнэлгүүдийн холбоо зэрэг нийт 34 эрүүл мэндийн байгууллагуудын эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийг 100 хувь хамруулан гардуулж өгөөд байгаа юм.

Мэдээллийн эх сурвалж:  www.moh.mn

Print Friendly and PDF

1 comment:

  1. dashinchilen bnaa ariun tseweriin huuli uguuch

    ReplyDelete