Хачигны халдвараас сэргийлье

Урин дулаан цаг ирж буйтай холбогдон талын болон хусны хачиг их хэмжээгээр унаж байгаа тул иргэд хөдөлмөрчдөд хачгаар дамжих халдвараас урьдчилан сэргийлэх зөвлөмжийг хүргэж байна.

Нэг. Хачигт энцефалит

Хачигт энцефалит нь иксодын төрлийн хачгаар дамжин халдварладаг халууралт, хордлого, төв мэдрэлийн тогтолцооны гэмтлийн шинж тэмдгээр илэрдэг байгалийн голомтот хурц халдварт өвчин. 


1.1. Шалтгаан 

Хачигт энцефалит нь Arbovirus-ийн төрөл, Togaviridae овгийн Flavivirus-ээр үүсгэгддэг. Энэ вирүс нь 25-40 нм хэмжээтэй, дугуй хэлбэртэй, геном нь липопротейд, гликопротейдийн бүрхүүлтэй 10487 нуклеокапсидаас тогтсон эерэг, дан утаслаг РНХ байдаг. Тахианы үр хөврөл, эсийн өсгөвөрт үржүүлэн гаргаж авна.. Вирүс бага хэмд болон хатаасан байдалд удаан хугацаанд хадгалагдана. Тасалгааны хэмд идэвх нь хурдан алдагдана, хасах 5 хэмд нэг жил хүртэл хугацаанд амьд байх чадвартай. Харин буцалгахад 2 минутад үхнэ, сүүнд нэмэх 60 хэмд 20 минут, хөргөгчид нэмэх 5-8 хэмд 2 долоо хоногийн хугацаанд вирүсийн тоо буурахгүй, цөцгий, цөцгийн тосонд 2 сар хадгалагддаг. Устөрөгчийн хэт исэл, спирт, формалин, фенол, эфир, хэт ягаан туяаны үйлчлэлд мэдрэг. 

1.2. Хачигт энцефалитын эмнэлзүй 

Нууц үе 1-30 хоног, дунджаар 7-14 хоног. 

1.2.1. Эмнэлзүйн ерөнхий шинжүүд 

Урьдал үе нь 1-2 хоног байх ба бие сулрах, зарайх, зарим үед бүсэлхий, ууц нуруу, хүзүүний булчин бага зэрэг өвдөх, мэдрэхүй нь өөрчлөгдөх, толгой өвдөх шинжүүд илэрнэ. Өвчний ид үе хурц эхэлж 38-39 хэм хүрч халууран чичрэх, толгой хүчтэй өвдөх, огиулах, зарим үед бөөлжиж хоногт 12 удаа хүрч болно. Хүзүү, нуруу, мөчний булчин өвдөх, эрвэгнэх, чичигнэн татах ба мэнэн шинж тэмдэг илэрнэ. Нүүр, хүзүү, үе мөчний дээд хэсэг, залгиур хоолой, нүдний салст улайх, нүд үрэвсэх шинжүүд илэрнэ. Өвчтөнүүдийн гуравны нэгд хоёрдолгионт халуурал илэрнэ. Зарим үед ухаан алдах, солиорох, хөөрлийн байдалд орох, даралт буурах, таталт уналт өвчний эхэн үед ажиглагдана. Цусны шинжилгээнд: лейкоцит бага зэрэг ихсэх, зүүний хазайлт болох, лимфоцит багасах, эозинофилия байхгүй болох, улаан эсийн тунах хурд ихэснэ. 

1.2.2. Өвчний ангилал 

Эмнэлзүйн шинжээр:
• хэв шинжит хэлбэр
• хэв шинжит бус хэлбэр
Үргэлжлэх хугацаагаар:
• цочмог
• ужиг
• архаг
Хүнд, хөнгөний зэргээр:
• хөнгөн
• дунд зэргийн
• хүнд
 маш хүнд
Мэдрэлийн тогтолцооны гэмтлийн зэргээр:
• халууралт
• мэнэн
• голомтот
• мэнэн-энцефалит
• полимиелит
• полирадикулоневрит
• хоёрдолгионт мэнэн-энцефалит

Халууралт хэлбэр нь харьцангуй хөнгөн явцтай бөгөөд мэдрэлийн системийг гэмтээдэггүй учир түргэн илааршина. Хэдэн цагаас хэдэн өдөр /3-5хоног/ үргэлжилдэг ба зарим тохиолдолд хоёрдолгионт халууралт ажиглагддаг. Өвчин урьдал үегүйгээр хурц эхэлнэ, 38-39 хэм хүрч халуурах, толгой өвдөх, бөөлжих, бие сулрах шинжүүд илэрнэ. Нугасны шингэнд өөрчлөлт гардаггүй. Тавилан сайн. 

Мэнэн хэлбэр нь ерөнхий халдварын шинж илрэх ба шүүдэст мэнэнгийн шинж илэрнэ. Халууралт хэлбэрээс бараг ялгагддаггүй харин хордлогын шинж тод илэрнэ. Хүзүүний хөшингө Керниг, Брудзинскийн шинж илэрнэ. Нугасны ус тунгалаг, даралт ихтэй /200-350 муб/, лимфоцитийн плеоцитоз /100-600 эс 1мкл-т, хааяа 2000 хүртэл/ ихэснэ.
Өвчний эхний өдөр нейтрофил давамгайлж, эхний 7 хоногийн төгсгөлөөр арилна. Нугасны усан дахь өөрчлөлт харьцангуй удаан /2-3 долоо хоногоос хэд хэдэн сар/ хадгалагдах ба мэнэнгийн шинж хааяа дагалдана. Халууралт нь 7-14 хоног үргэлжлэх ба хоёр-долгионт явцтай. Тавилан сайн. 

Мэнэн-энцефалитийн хэлбэр нь хүнд явцтай. Зарим үед нүдэнд хий юм үзэгдэх, солиорох, цаг хугацаа болон орон зайн баримжаа алдагдаж, уналт таталт өгнө. 

Голомтот мэнэн-энцефалитийн хэлбэр нь нэг талын саажилт, төвийн гаралтай нэг мөчний саажилт /монопарез / , булчин татах, ухаан алдах, мөчдүүд мэдээгүй болох, уналт таталт илэрнэ. Ховор тохиолдолд цусаар бөөлжиж /вегетатив мэдрэлийн төв гэмтсэнээс/, ходоодноос цус алдах шинж гарна. 25-30%-ийн нас баралттай. 

Полимиелитийн хэлбэрийн үед урьдал үе нь 1-2 хоног үргэлжлэх ба ядрах, сульдах шинжээр илэрнэ. Нугас, уртавтар тархины урд эврийн эсийн цочрол, гэмтлээс булчин таталдах, чичрэх шинжүүд илэрнэ. Гар, хүзүүний булчин өвдөнө. Гэнэт аль нэг мөч сулрах, мэдээгүй болно. Халуурч /эхний халуурлын 1-4 хоногиийн дараа эсвэл дараагийн халуурлын 1-3 дахь хоногт/, тархины ерөнхий шинж, хүзүү мөрний /хүзүү цээжний/ булчингийн сул саажилт үүснэ. Энэ шинж заримдаа 2 долоо хоног үргэлжилнэ. Толгой цээжрүүгээ унжсан, бөхийж бөхтийсөн, ихэмсэг байдал зэрэг шинжүүд илэрнэ. Полимиелитийн өөрчлөлтүүд нь пирамидын өөрчлөлттэй хавсардаг: гарын сул саажилт, чангарсан, саажилт өгсөн хөлөнд рефлекс нь ихсэх, хатингирших шинжүүд илэрнэ. Хөдөлгөөний өөрчлөлт 7-12 хоног үргэлжилнэ. 2-3 долоо хоногийн төгсгөлөөс булчин хатингаршиж эхэлнэ. 

Полирадикулоневритийн хэлбэрийн үед захын мэдрэлийн болон мэдрэлийн ёзоор гэмтэнэ. Өвчтөнд мэдрэлийн ширхэг дагаж мэдрэхүй алдагдана /шоргоолж гүйж байгаа юм шиг мэдрэмж/. Ялангүяа үе мөчдийн үзүүр хэсэгт мэдрэхүй алдагдана. Лассега, Вассерманий шинж илэрнэ. 

Хоёр долгионт мэнэн-энцефалитийн үед хоёрдолгионт халуурал, ерөнхий хордлого, мэнэн, тархины гэмтлийн шинжүүд илэрнэ.

1.2.3. Ялган оношлогоо
Хачигт энцефалитийг тархмал тархи нугасны /эпидемический цереброспинальный/ ба сүрьеэгийн менингит, диабетийн ба уремийн комоос ялган оношлоно.
• Тархмал тархи нугасны менингитийн үед хурц эхэлж мэнэнгийн шинж тэмдэг хурдан хугацаанд илэрнэ. Улирлын онцлог, хачигт хазуулсан байж болох шинж илрэхгүй, нугасны усанд идээ гарна.
• Сүрьеэгийн менингитийн үед: байнгын субфибриль халуунтай, турж эцсэн, нугасны усанд сүрьеэгийн микобактери илэрнэ.
• Диабетийн ба уремийн комын үед: бага зэргийн халууралт, арьс хуурайших, амнаас ацетон үнэртэх, бөөр гэмтсэнтэй холбоотой биеийн халуун буух, амнаас аммиак үнэртэх харьцангуй нягтшил багатай цайвар өнгийн шээс гарах шинжүүд илэрнэ.

1.2.4. Эмчилгээ
• Шалтгааны
• Эмгэг жамын
• Шинж тэмдгийн эмчилгээ

Шалтгааны эсрэг: Иммуноглобулин эмчилгээ /хачигт энцефалитийн эсрэг иммуноглобулины тун 0,1мл/кг тунгаар 12 цагаар халууралт намдтал булчинд тарьж хэрэглэнэ. Өвчин маш хүнд явцтай тохиолдолд 0,15 мл/кг тунгаар хэрэглэнэ/ Рибонуклеза булчинд 5 өдөр тарина. /биеийн халуун хэвийн болтол / Интерферон /реаферон, лейкинферон…/ 7 хоног тарина. Циклофер Амиксин /5-10 шахмал/ Иодантипирин /5 өдөр/ 

Эмгэг жамын: Хордлого тайлах эмчилгээ /рингерлактат, глюкоз, натри, реамбериний уусмалуудыг хэрэглэнэ/. Тархины хаван бууруулах маннитол, магнезм хэрэглэнэ. Нугасны ус авна.Гормон эмчилгээ дексаметазон, преднизолон хэрэглэх ба өвчний явцаас хамаарч тунг тохируулна.Антифермент эмчилгээнд гордокс, трасилол, таталтын эсрэг фенобарбитал, гексамидин, бензонал, седуксен Хаван хөөх лазикс, фуросемид, мөн удаан үйлчилгээтэй диакарб, триампур, верошпирон шээс хөөх эмчилгээтэй хавсарч хэрэглэнэ. Маннитол хийнэ.Тархины метаболизм сайжруулах зорилгоор актовегин бэлдмэлийг хэрэглэнэ. Витамин эмчилгээ В группын судасны ханыг бэхжүүлэх витамин С, рутин. Харшлын /десенсибилизация/ эмчилгээ диазолин, тавегил, лоратадин /кларатин/ Халуун бууруулах, таталтын эсрэг, бусад шинж тэмдгийн эмчилгээ хийнэ. 

1 .3. Лабораторийн оношлогоо
1.3.1 Хачигт халдваруудын оношлогоонд шинжлэгдэхүүн авах арга зүй
Эх сурвалж:
Өвчтөн: Цус, ийлдэс /хос/, тархи нугасны шингэн
Цогцос: Тархины эд /тархины хатуу хальс, зөөлөн бүрхүүл, холтослог ба тархилаг давхарга, холтослогийн доод бүтэц, бага тархи, уртавтар тархи, хүзүү нугасны бүдүүрэл хэсэг
Бусад шинжлэгдэхүүн: Хачиг, мал, амьтны ийлдэс 

Шинжлэгдэхүүн авах арга зүй
Цусны сорьц авах ажилбар
·         Хуруу шилэн дээр тэмдэглэгээ хийнэ.
·         Хатгах газрыг сонгоод чангалуур тавьж, цусны урсгалыг саатуулна. Ихэвчлэн өнгөц хураагуур судсыг сонгоно.
·         Сонгосон талбайн арьсыг эхлээд 70%-ийн спирт шингээсэн хөвөн бөмбөлгөөр арчаад хатаана.
·         Зүүг арьсны гадаргууд хурц өнцөг үүсгэхээр барьж хураагуур судсыг хатгана.Зүү хураагуур судсанд ормогц вакуум хуруу шилийг зүүний араас хийнэ.
·         Вакуумтейнерын систем байхгүй бол цусыг халдвар хамгааллын дэглэмийг баримтлан бөглөөтэй ариун хуруу шилэнд урсгаж авна.
·         5-10 мл цус авсны дараа чангалуурыг суллан зүүг авч хөвөн бөмбөлгийг зүү орсон хэсэг дээр тавина. Хөвөн бөмбөлгийг цус тогттол чанга дарна. Хэрэв хуруу шилэнд авсан бол даруй бөглөнө.
Анхааруулга:
·         Орон нутагт хангалттай ариун нөхцөл байхгүй үед цусны сорьцийг хоёр хуруу шилэнд авна.
·         Дээжилсэн сорьцыг -20оС-д хөлдөөж зохих журмын дагуу савлан лабораторид хүргүүлнэ.
·         Шууд хүргэх боломжгүй үед -20оС-д 3 хоног хүртэл хадгална.

Ийлдэсний сорьц авах ажилбар
·         Хуруу шилтэй цусыг 1000 эр/мин хурдтайгаар центрифугид 10 минут хурилдуурдана.
·         Центрифуг байхгүй нөхцөлд цусыг хөргөгчинд тавьж ийлдсийг тунах үед нөжнөөс салгаж болох хүртэл байлгана.
·         Ийлдсийг цусны улаан эс оруулахгүйгээр ариун нөхцөлд (аюулгүй ажиллагааны боксд юм уу спиртэн дэнгийн орчимд) пипеткээр /дусаагуураар/ 2 мл-ийг болгоомжтой соруулан ялган авч хуруу шилэнд (эппендорпийн хуруу шил) хийнэ.
·         Ялгасан ийлдсийг мөстэй саванд зохих журмын дагуу хийж дараагийн шатны лабораторид яаралтай хүргэнэ.Шууд хүргэх боломжгүй бол -20оС-д 7 хоног хүртэл хугацаагаар хадгалж болно. Дахин гэсгээж болохгүй.
·         Хуруу шилэн дээр тэмдэглэгээ хийнэ.
Анхааруулга:
Хүлээн авсан лабораторийн мэргэжилтэнтэй холбогдож тохиролцсоны үндсэн дээр 14 /хачигт энцефалитийн үед/, 21 /хачигт боррелиозын үед/ хоногийн дараа дахин цус авч,ийлдэс ялган илгээх асуудлыг шийднэ. 

Ийлдэс цуглуулах
Хурц үеийн ийлдсийг эмнэл зүйн шинж тэмдэг илэрснээс хойш 7 хоногийн дотор, эдгэрэлтийн үеийн ийлдсийг 2-4 долоо хоногийн дараа цуглуулна.
Өвчтөнөөс дээжилсэн ийлдсэнд тавих шаардлага:
- Ийлдэс нь улаан эсгүй
- Нянгийн болон гадны биетийн бохирдолгүй
- Ийлдэс цуглуулсан огноо
- Өвчтний нэр, нас хүйс, хэзээ хачиганд хазуулсан зэргийг тодорхой бичих 

Тархи нугасны шингэн авах ажилбар
- Сорьцийг 2 хуруу шилэнд авна.
-Авсан сорьцоо битүүмжлэж саван дээр тэмдэглэл хийгээд 2 цагт багтаан лабораторид хүргүүлнэ 

Сорьцны саван дээр тэмдэглэгээ хийх, дагалдах бичиг баримтыг хөтлөх
Сорьцны саван дээрх тэмдэглэгээ
Сорьцны саван дээр шилний харандаагаар дараах тэмдэглэгээг хийнэ.Үүнд:
• Сорьц авсан өвчтний дугаар, овог нэр
• Сорьцны нэр
• Он сар өдөр
Сорьцны дагалдах бичиг баримт
- Өвчтний дугаар, овог нэр, нас, хүйс
- Сэжиглэж буй халдварт өвчин
- Өвчин эхэлсэн он, сар, өдөр
- Авсан сорьц
- Сорьц авсан сар, өдөр, цаг, минут
- Сорьц авсан хүний мэргэжил, нэр
- Сорьц илгээсэн байгууллага
- Сорьц хүлээн авах байгууллага

Анхааруулга:
·                 Дагалдах бичгийг ус нэвтрэхгүй нийлэг уутанд хийж, сорьц зөөвөрлөх хайрцагт хийнэ.
·         Хэд хэдэн өвчтний сорьц зэрэг илгээж байгаа тохиолдолд өвчтөн тус бүрд дагалдах бичиг    үйлдэнэ.

Сорьц савлах, баглах
Сорьц савлах, баглах стандарт ажиллагааны аргачлалд /САА-ЕТ-Б-003/ заасны дагуу
·         Сорьц зөөвөрлөх сав /Гадна талднь биологийн аюултай гэсэн тэмдэг, “БИО-АЮУЛТАЙ ИЛГЭЭМЖ” гэсэн бичиг байна/
·         Сорьцны гадуур сав
·         Мөсөн элемент /пролон,хөвөн/


Хоёр. Хачигт боррелиоз

          Хачигт боррелиоз нь боррелийн төрлийн спирохетоор үүсгэгдэж, иксод төрлийн хачгаар зөөвөрлөгдөн халдварладаг, төв мэдрэл, зүрх судасны тогтолцоо, арьс салст, үе мөчний эмгэгээр илэрдэг байгалийн голомтот халдварт өвчин . 

2.1. Шалтгаан
Хачигт боррелиозын үүсгэгчид нь Spirochaetales хүрээний Spirochaeteceae овог, Borrelia төрөлд багтдаг. Спирохет нь Грам /-/, спираль хэлбэртэй, аналины будгаар амархан будагддаг, агааргүйтэн нян. Урт нь 8-30 мкм, өргөн нь 0.2-0.5 мкм, баруун, зүүн тийшээ эргэлттэй спираль, давших, ухрах, эргэх хөдөлгөөн хийдэг. Аминхүчил, альбумин, аминдэмүүд агуулсан шингэн тэжээлт орчинд сайн ургадаг. 

2.2. Хачигт боррелиозын эмнэлзүй 

Нууц хугацаа 3-35 хоног, дунджаар 14 хоног. 

2.2.1. Эмнэлзүйн ерөнхий шинжүүд 

Хачигт борреллиозын үед халдварын янз бүрийн шатанд эрхтэн тогтолцооны олон төрлийн гэмтлийн шинж илэрч, биеийн халуун 37.5, хааяа 39 хэм хүртэл ихэсч, толгой өвдөх, ядрах, сульдах, булчингаар өвдөх, бөөлжис цутгах, хачиг хазсан хэсэгт улайх, үрэвсэх, өвдөх, цагираг хэлбэрийн улайлт үүсэх шинжээр илэрнэ. 

2.2.2. Эмнэлзүйн ангилал
Өвчний хугацаагаар:
- Эрт үе
- хурц явцтай /3 сар хүртэл/
- хурцавтар явцтай / 3-6 сар/
- Хожуу: архаг явцтай /6сар/
- Дахилтат үе
Өвчний хэлбэрээр:
• Түгмэл
• Улайлттай
• Улайлтгүй
• Далд хэлбэр
Аль эрхтний эмгэг давамгайлснаар нь:
- Арьсны гэмтэл
- Зүрх судас, мэдрэлийн систем, элэгний гэмтэл
- Тулгуур хөдөлгөөний аппаратын гэмтэл
- Холимог гэмтэл 

2.2.3. Эмнэлзүйн илрэл
3 үе шат болгоно. Үүнд: 

Эхний шат: Дунджаар 7 хоног үргэлжилнэ. Хордлогын шинжүүд илэрч, толгой өвдөх, чичрүүдэс хүрэх, огиулах, 40хэм хүртэл халуурах, бие сулрах, ядрах, нойрмоглох, булчин, үе мөчөөр өвдөх зэрэг шинжүүд илэрнэ. Хачиг хазсан газарт /ихэвчлэн цавь, гэдэс, доод мөчид гэх мэт/ хачигт боррелиозын гол шинж болох нэвчсэн улайлт /мигрируюшие эритем/ үүснэ. Улайлт эхлээд багахан хэсэгт байснаа цаашид төвөөс зах руугаа тархана. Хэсэг хугацааны дараа улайлтын төв хэсэг нь цайрч эсвэл хөхөрнө, захаараа тод өнгөтөй байна. Улайлтын бүс нь жигд улаан, зөв биш хэлбэртэй, хэмжээ нь 10-15 см ба 50 см түүнээс дээш байж болно. Улайлт нь загатнах, эмзэглэлтэй байх, хорсох, халуу оргих шинжтэй. Хачиг хазсан газрын ойролцоох тунгалагийн зангилаа томорч, эмзэглэлгүй байна. Антибиотик эмчилгээний дараа улайлт нь /3-4 хоногт/ цайрч заримдаа бүдэг нөсөө үлдэнэ. Улайлтгүй хэлбэрийн үед эмнэлзүйн шинж тэмдгүүд олон хэлбэртэй, мэдрэл, тулгуур эрхтэн - үе мөч, зүрх, элэгний гэмтлийн шинж илэрнэ. Толгой өвдөх, сульдах, хоолонд дургүй болох, хүзүүний булчингаар өвдөх, судасны цохилт цөөрөх, артерийн даралт буурах, бөөлжис цутгах, цагаан мөгөөрс гуурсан хоолойн болон нүдний салстын үрэвсэл илэрнэ. 

Хоёр дахь шат: Өвчний 3-5 дахь долоо хоногт илрэх ба энэ үед үүсгэгч цусаар тархаж эрхтэн тогтолцоог гэмтээж арьс, мэдрэл, зүрх судасны систем, элэгний талаас өөрчлөлт ажиглагдана. Арьсан дээр хачиг хазсан газраас өөр хэсэгт том биш улайлт хоёрдогчоор илэрнэ. Байрлалын хувьд чихний омог, хөхний толгойн хэсэгт байх ба арьсны гэмтсэн хэсэг хавагнасан тод ягаан болсон, тэмтрэхэд эмзэглэлтэй байна. Мэдрэлийн хямралын шинж илрэн нүүрний мэдрэлийн үрэвсэл, олон мэдрэлийн үрэвсэл, менингит, радикулоневрит өгнө. Энэ хам шинж антибиотик эмчилгээнд хурдан арилах ба өвчний төгсгөл нь сайн. Зүрх судасны системийн талаас миокардит ба дамжуулах системийн гэмтэл илэрнэ. Өвчний эхэн үед шарлалтгүй элэгний үрэвсэл /гепатит /тохиолдоно. Өвчний хурц үед яс-үе мөчний системийн гэмтэл өгч үе мөч, булчингаар өвдөх шинжээр илэрнэ. Боррели янз бүрийн эд эрхтэнд тархаж нэлэнхүйдээ тунгалгийн булчирхайн эмгэг, хориоретинит, нүдний эмгэг, бронхит, шээсэнд цустай гарах, орхит зэрэг эмгэгшил дагалдана. 

Гурав дахь шат: өвчтөний хурц үеэс хойш 6 сараас 2 жилийн дараа эхэлнэ. Энэ нь бие махбодод үүсгэгч тарсантай холбоотой.
Хачигт боррелиозын архаг хэлбэрийн эмнэлзүй төв болон захын мэдрэлийн системийн гэмтэл янз бүрийн хам шинжээр илэрнэ. Энцефалит их тохиолдох ба ховор тохиолдолд энцефаломиелет, энцефалополиневрит, энцефалополирадикулопатия ба невропатия тохиолдоно. Тулгуур-эрхтэний аппарат гэмтэж үений үрэвсэл тохиолдоно. Эрхтэний эмгэг архаг боррелиозын үед ихэвчлэн хавсарсан байдлаар илэрнэ.Хачигт боррелиозын далд хэлбэрийн үед шинж тэмдэг илрэхгүй. Энэ хэлбэрийг голомтот нутгийн хүн амд толгой дараалан серологийн шинжилгээ хийж илрүүлнэ. 

2.2.4. Ялган оношлогоо:
Бусад хачигт халдварууд, ёлом, ревмокардит, үе мөчний архаг халдваруудаас ялган оношлоно. Хачигт боррелиозын үед хачиг хазсан газар улайх, үрэвсэх, өвдөх бөгөөд тэр хэсэгт 5-60 см хүртэл хэмжээний цагираг хэлбэрийн улайлт /эритема/ үүсэх нь уг өвчний үндсэн шинж. 

2.2.5. Эмчилгээ:
Өвчтөнийг эмнэлэгт хэвтүүлэн эмчилгээг доорх шатлалаар хийнэ.
• Шалтгааны
• Эмгэг жамын
• Шинж тэмдгийн 

I үеийн эмчилгээ:
Доксициклин 10-14 хоног
Тетрациклин 10-14 хоног
Цефураксим 10 хоног
Амоксициллин 10-14 хоног
Пенициллин 10-14 хоног
Ампициллин 10-14 хоног 

II үеийн эмчилгээ: улайлтын хоёрдогч элементүүдтэй, хордлогын шинж тэмдэг тод илэрсэн, зүрх судас, үе мөч, мэдрэлийн систем гэмтсэн /нүүрний мэдрэлийн неврит, АВ блокад 1-р зэрэг, Баннвартын менингорадикулит зэрэг өөрчлөлттэй үед/
Пенициллин 14 хоног. Мэнэнгийн / менингоэнцефалит/ шинж илэрсэн үед нэг удаагийн тунг 2-3 сая болгох ба 500ЕД хүртэл буулгаж хэрэглэнэ. Пенициллин хэрэглэх боломжгүй үед левомицетин - сукцинат 250-400мг, курс эмчилгээ 14 хоног эсвэл цефалоспорин /цефтриаксон, цефтазидим/ тарина. Доксициклин /вибралицин, юнидокс, солютаб/ хоногийн тун 0.2гр, 14-30 хоног 

II-III үеийн эмчилгээ:/мэдрэл, зүрх судас, үе мөч, бусад эрхтэний илэрхий өөрчлөлттэй үед/
Пенициллин дээрхи схемээр курс эмчилгэээ 28 хүртэл хоног
Цефтриаксон /роцерин, лонгацеф, офрамакс/ 14-21 хоног
Цефатоксим /клафорон/ 14-21 хоног
Пенициллин G /натрийн давстай/ 14 хоног
Үүнээс гадна үрэвслийн эсрэг стериод бус бэлдмэлүүд, харшлын эсрэг, биеийн эсэргүүцэл сайжруулах, витаминууд, физик эмчилгээний аргуудыг хэрэглэнэ. 

2.3. Лабораторийн оношлогоо Өвчтнөөс цус, ийлдэс авч шинжилгээнд явуулна.

Гурав. Хачигт риккетсиоз
Хачигт риккетсиоз нь халууралт, хордлого ба эрхтэн тогтолцооны гэмтлээр илэрдэг /иксодын хачгаар дамждаг/ байгалийн голомтот зоонозын халдварт өвчин. 

3.1. Шалтгаан
Хачигт риккетсиозын үүсгэгч Rickettsia sibirica нь риккетсийн төрөлд багтаж эсийн дотор орших, Грамын будгуудаар үл будагдах нян. Гадаад орчны бага хэмд удаан хадгалагддаг /3 жил/. Ихэвчлэн савханцар хэлбэртэй бөгөөд, савханцрын урт нь 0.7-2.5 мк, өргөн нь 0.3 мк хэмжээтэй байна. 

3.2. Хачигт риккетсиозын эмнэлзүй 

Нууц хугацаа 1-16 хоног, дунджаар 4-8 хоног. 

3.2.1. Эмнэлзүйн ерөнхий шинжүүд 

Өвчин хурц эхэлнэ. Хачиг хазсан хэсэгт хатуу, арьс нь хүрэн өнгөтэй, голдоо үхжил үүссэн, эргэн тойрон улайсан шүүдэст үрэвсэл буюу анхдагч үрэвсэл илрэх нь хачигт риккетсиозийн онцлог шинж. Тунгалгийн булчирхай үрэвсэж томорно. Өвчин ихэнхи тохиолдолд хурц эхлэх ба заримдаа урьдал үегүйгээр 38-400С хүрч халуурах, чичрэх, толгой хүчтэй өвдөх, хөлрөх, булчин үе мөч, ууц нуруу өвдөх, бие сулрах, нойр муудах хоолны дуршил багасах зэрэг шинж тэмдэг илэрнэ. Өвчний эхний 3-4 хоногт нүүр, нүд улаан болох, нүдний алимны өөхлөг бүрхүүл /склер/ үрэвсэх зэрэг өвөрмөц шинж илэрнэ.

3.2.2. Эмнэлзүйн ангилал:
Эмнэлзүйн явцаар:
- Хөнгөн
- Дунд зэрэг
- Хүнд гэж ангилна.
Хөнгөн явцтай өвчтөний биеийн байдал дунд зэрэг, 7 хоног хүртэл 38 хэм хүрч халуурах, хордлогын шинж тэмдэг бага зэрэг илэрч, дунд зэргийн улаймал тууралт гарна.
Дунд зэргийн явцтай үед 8-10 хоног 38 -39 хэм хүртэл халуурч, хурц тод өнгийг их хэмжээний улаймал гүвдрүүт тууралттай, хордлогын шинж тэмдэг бага зэрэг илэрнэ.
Хүнд явцтай үед 10 хоногоос дээш хугацаанд 39 - 41 хэм хүртэл халуурах бөгөөд зүрх судас, төв мэдрэлийн тогтолцооны өөрчлөлт болон хордлогын шинж тэмдэг тод илэрч их хэмжээтэй цусархаг тууралт гарна. Хүнд хэлбэрийн үед өвчтөнд гуурсан хоолойн үрэвсэл, уушгины хатгаа, хамрын хөндийн үрэвсэл, цагаан мөгөөрсөн хоолойн үрэвсэл, мэдрэлийн судал, бөөр, зүрхний булчингийн үрэвсэл зэрэг хүндрэл тохиолдоно. Тавилан сайн. Өвчилсөний дараа дархлаа тогтоно.
Хачигт риккетсиозын эмнэлзүйн үндсэн гурвал шинжүүд:
- Анхдагч аффект
- Үрэвслийн ойролцоох тунгалагийн булчирхай үрэвсэж томрох
- Арьсаар тууралт гарах.
Хачиг хазсан хэсэгт 2-3мм-ээс 3см голчтой анхдагч аффект үүсэх ба энэ нь гол төлөв их бие, хүзүү, мөчид дээр байрлалтай байна. Тууралт эхлээд мөчүүд гарч дараа нь их бие хүзүү, эцэстээ нүүр дээр гарна. Дундажаар 7 хоног үргэлжилнэ. Энэ нь толбонцор гүвдрүүт, цэгчилсэн цусархаг зэрэг олон хэлбэртэй байхаас гадна ихэнхи тохиолдолд толбот тууралтууд гарна. Үрэвслийн ойролцоох тунгалгийн булчирхай томрох ба ялангуяа эгэмний дээрх, хүзүүний, суганы булчирхайнууд томорно. 38-39 хэм хүрч халуурна, толгой өвдөнө, бөөлжис цутгах, бөөлжүүлэх, хэвлийгээр өвдөх, нүүр, зөөлөн тагнай, хүүхэн хэл улайх, үрэвсэх, нүдний эвэрлэг бүрхүүлд цус харвах, салст нь улайх, үрэвсэх, судасны цохилтын тоо цөөрөх, цусны даралт буурах, хэл цайвар өнгөтэй, хуурайссан байх, хэвлий зөөлөн элэг дэлүү томрох шинжүүд илэрнэ. Цусны дэлгэрэнгүй шинжилгээнд цагаан цогцосын тоо олшрох, УЦТХ түргэсэх, эозинофил, моноцит цөөрнө. Шээсэнд уураг гарна.

3.2.3. Лабораторийн оношлогоо Өвчтнөөс цус, ийлдэс авч шинжилгээнд явуулна.

3.2.4. Ялган оношлогоо
• Хачигт энцефалит
• Хачигт боррелиоз,
• Ку халуурал,
• Бөөрний хам шинжит цусархаг халуурал,
• Хуурмаг сүрьеэ
Хачигт боррелиозын үед 38 хэм хүртэл халуурч, толгой өвдөх, бие сулрах, хачиг хазсан газар улайх, үрэвсэх, өвдөх бөгөөд тэр хэсэгт 5-60 см хүртэл хэмжээний цагираг хэлбэрийн улайлт /эритема/ үүсч, 5-9 хоног үргэлжлэх ба энэ нь уг өвчний үндсэн шинж.
Хачигт энцефалитийн үед арьсны мэдэрхүй алдагдах, булчин хэсэгчлэн эсвэл гар хөлөнд саажилт үүсэх, толгой хүчтэй өвдөх, бөөлжих, ухаан алдах, оворгын болон хөөрлийн байдалд орох, цагийн болон орчны баримжаа алдах зэрэг шинжүүд илэрнэ. 

3.2.5. Эмчилгээ
• Шалтгааны
• Эмгэг жамын
• Шинж тэмдгийн эмчилгээ
Өвчтөнийг халдвартын эмнэлэгт хэвтүүлэн эмчилнэ. Өвчтөнийг хурц үед хэвтрийн дэглэмд байлгана. Үүсгэгчийн эсрэг доксациллин, хлорамфеникол, ципрофлаксацин, тетрациклин зэрэг эмчилгээг өвчтөний биеийн байдал, өвчний явц, насанд тохируулан хэрэглэнэ. Мөн пенициллин, ампициллин, стрептомицин нь риккетсийг идэвхигүйжүүлэх үйлчилгээтэй. Эритромицин хэрэглэхгүй. Шалтгааны эсрэг эмчилгээний зэрэгцээ эмгэг жам, шинж тэмдгийн эмчилгээ хийнэ. Хүнд өвчтөнд биеийн байдлаас хамааран стеройд /дексаметазон/, биеийн эсэргүүцэл дэмжих, шээс ялгаралтыг сайжруулах /хоногт 1500мл шингэн судсаар/ эмчилгээ хийнэ.



Дөрөв.Хачгаар дамждаг халдварт өвчний урьдчилан сэргийлэлт
Хачигт халдварын урьдчилан сэргийлэлтийг өвөрмөц ба өвөрмөц бус гэж ангилна.
4.1.Өвөрмөц урьдчилан сэргийлэлт: Дархлаажуулалтыг Монгол улсын халдварт өвчинтэй тэмцэх үндэсний хөтөлбөрийн хүрээнд Эрүүл мэндийн сайдын 2002 оны “Тархвар судлалын заалтаар нэмэлт дархлаажуулалт хийх тухай” 252 тоот тушаалын дагуу хийнэ. Хачигт энцефалитын вакциныг дараах товлолын дагуу тарьж хэрэглэнэ.
Эхнийтун
Аялалд явахаас дор хаяж 1-3 сарын өмнө
2 дахь тун
Эхний тунгаас 1-3 сарын дараа
3 дахь тун
2 дахь тунг хийлгэснээс 9-12 сарын дараа
Сэргээх тарилга
Сүүлчийн вакцинаас 3 жилийн дараа
Хачганд хазуулсан тохиолдолд иммуноглобулиныг насанд хүрэгчдэд 3 мл-ээр булчинд тарьж хэрэглэнэ. 

4.2.Өвөрмөц бус урьдчилан сэргийлэлт: 

Энэ сэргийлэлтэнд хачгийг устгах, хачиг үргээх бэлдмэлүүд хэрэглэх, хачигт хазуулахгүй байх, хачигт хазуулсан тохиолдолд хачигт риккетиоз, хачигт борреллиозоос урьдчилан сэргийлж антибиотик хэрэглэх зэрэг болон хүн амд энэ асуудлаар сургалт, сурталчилгаа хийж эрүүл мэндийн боловсрол олгох арга хэмжээ орно. 

Антибиотик хэрэглэх: Насанд хүрэгчдэд доксициллин 12 цагаар 5-7 хоног, хүүхдэд амоксициллин 8 цагаар 5-7 хоног уулгах

Хувцаслалт: Хачигт хазуулахгүй байх хамгийн энгийн, найдвартай арга бол хачигт халдварын голомттой газруудад явахдаа хувцсаа тохируулж өмсөнө. Тод цайвар өнгийн хувцас өмсөх нь хувцас дээрхи хачгийг олж харахад хялбар болно. Малгайтай цамц өмсөх, эсвэл малгай өмсөх, алчуур боох хэрэгтэй. Цамцаа өмдний дотуур хийж бүс бүслэж, түрүүтэй гутал өмсөх нь зүйтэй, түрүүгүй гутал өмссөн тохиолдолд өмдний шуумгийг оймс дотор хийх хэрэгтэй. Хачиг ихтэй, идэвхтэй голомттой нутгуудад явахдаа зориулалтын хувцас өмсөж болно. 

Өөртөө болон нөхөддөө үзлэг хийх: Хачгийг биед орж хазахаас өмнө илрүүлж устгах нь хачигт халдвараас сэргийлэх чухал арга юм. Иймд 30 минут тутамд бие биенийхээ хувцаст сайтар үзлэг хийж, хачгийг илрүүлж устгана. Ганцаараа явах үедээ толь ашиглан өөртөө үзлэг хийж хачгийг илрүүлж болдог. Хачиг зайлуулахдаа хачигны хошууг арьсанд үлдээхгүйгээр болгоомжтой салгаж авна. Гартаа бээлий өмсөх буюу алчуур хэрэглэнэ. Хачиг устгалд дайжуулагч болон устгах бодисоос сонгож хэрэглэнэ. Үүнд:         • “Цифокс” 0,5-0,75 л/га /ОХУ- Москва/
• “Таран 10% 0,5-0,75 л/га /ОХУ- Москва/
• “Сипаз супер”0,5-0,75л/га /Нидерланд/
• “Байтекс 40% 1кг/га /Франц/
• “Акаритокс 0,4-0,6 кг/га /Энэтхэг/
• “Альтафрин” 0,4-0,6 кг/га /ОХУ- Москва/
• “Актор” 0,5-0,75 л/га /ОХУ- Москва/
Дайжуулагч бодис:               • “Претикс” /ОХУ-Новосибирск/
• “ДЭФИ ” -/ОХУ-Казан/
• “Гардекс ” /Итали/
• “Пикник ” /ОХУ-Невинномысск/
• “Торнадо ” /ОХУ-Москва/
• “Фумитокс”
• ”Медифокс”
• “ДЭТА” зэргийн аль нэгийг сонгон гадуур хувцас, даавуун гадаргад шошгон дээрх зааврын дагуу шүршиж хэрэглэнэ. 

Бэлтгэсэн:  Булган аймгийн нэгдсэн эмнэлгийн Халдвартын тасгийн их эмч:
                                                   М.Мягмар /холбоо барих утас 99349800, 88049800, 93037650/
                                                   Т.Төмөрчөдөр /холбоо барих утас 93037696/

Print Friendly and PDF

No comments:

Post a Comment