5 САРЫН 31 ДЭЛХИЙН ТАМХИГҮЙ ӨДӨР

Өнөөдөр дэлхий дахинаа хэрэглэж байгаа хүмүүсийнхээ тал хувийг үхэлд хүргэдэг,  цорын ганц урьдчилан сэргийлж болох үхлийн шалтгаан бол тамхи юм. Тамхины тахал нь жил бүр ойролцоогоор 6 сая хүнийг үхэлд хүргэдэг.  20 дугаар зуунд тамхи нь 100 сая хүний нас баралтын шалтгаан болсон. Тамхины эсрэг арга хэмжээ авахгүй бол 21 дүгээр зуунд 1 тэрбум хүн амь насаа алдах аюултай байна.
Энэ жил  Дэлхийн тамхигүй өдрийг  Дэлхийн эрүүл мэндийн байгууллага,  Монголын мянганы сорилтын сан, ЭМЯ, Эрүүл мэндийг дэмжих сан, ЗГХА-ЭМГ, Нийслэлийн ЭМГ, Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төв, зэрэг  төрийн болон төрийн бус байгууллага, олон улсын байгууллагууд  ивээн тэтгэж, хамтран зохион байгуулж байна. Жил бүрийн  5 дугаар сарын 31–нд  Дэлхийн тамхигүй өдрийн компанит ажилд Монголчууд нэгдэж олон төрлийн үйл ажиллагаа зохиож  байна.
Үүнд:
·         Хэвлэлийн бага хурал
·         Мэдээлэл, сургалт, сурталчилгааны материалууд хэвлүүлэх
·         ТВ, Радио, FM-ийн сурталчилгаа
·         Төв гудамжны самбар, зурагтын сурталчилгаа
Тамхи татах нь хувь хүний сонголтын асуудал, тогтсон дадал зуршлын төдий зүйл биш, тамхи үйлдвэрлэгчдийн ухуулдагаар насанд хүрсэн хүний шийдвэр, амьдралын хэв маягийн сонголтын аль нь ч биш юм. Харин, тамхи үйлдвэрлэгчдийн зүгээс өөрсдийн ашиг орлогын төлөө ялангуяа залуучуудыг тамхинд хамааралтай болгох, улмаар тахлын түвшний, олон улс үндэстнийг хамарсан өвчин болгон дэлгэрүүлэхэд чиглэсэн зорилготой, хорон үйл ажиллагаа юм.
Өөрсдийн эрх ашиг, орлогын төлөө хүн амын эрүүл мэндийг хохироож байгаа тамхи үйлдвэрлэгчдээс хүн амын эрүүл мэндийг хамгаалах, ялангуяа дам тамхидалтанд өртсний улмаас эрүүл мэнд, амь насаараа хохирч харамсалтайгаар хорвоог орхиж буй хүмүүсийг аврах арга нь улс гүрэн бүр ДЭМБ-ын тамхины эсрэг барьж буй бодлогод нэгдэн үр дүнтэй арга хэмжээ авах явдал юм.

Тамхи үйлдвэрлэгчид гэж хэн бэ?
“Тамхи үйлдвэрлэгч” гэж тамхин бүтээгдэхүүнээс шууд болон шууд бусаар ашиг олох зорилго бүхий тамхины үйлдвэрлэл, худалдаа, импортын үйл ажиллагаа эрхлэгчдийг хэлнэ.
Тамхи үйлдвэрлэгчид далд байдлаар эсэргүүцэл, тэмцлээ явуулсаар ирсэн хэдэн арван жилийн туршлагатай. Тэд луйврын тор, сүлжээ үүсгэн төр засгийн байгууллагуудад нэвтрэн нийгмийн эрүүл мэндийн бодлого боловсруулалтанд сөргөөр нөлөөлсөөр байна. Хэрэглэж буй хоёр хүнийхээ нэгийг үхэлд хүргэдэг тамхинаас ашиг орлого ологч тамхи үйлдвэрлэгчдийн эрх ашиг, тамхины хяналтын бодлогоор нийгмийн эрүүл мэндийг хамгаалан дэмждэг төр, засгийн газрын бодлого зорилготой байнга зөрчилддөг. Ашиг орлогоо их байлгах үүднээс нийгмийн эрүүл мэндийг хамгаалах хууль тогтоомж, ДЭМБ-ын ТХСК гэх мэт бодлого, хууль эрх зүйн болон зохицуулалтын аливаа арга хэмжээг тамхи үйлдвэрлэгчид эсэргүүцдэг байна. Тэгсэн хэрнээ, бодит зорилго санаагаа нуун, улс төрчид, олон нийтэд нийгмийн сайн сайхны төлөө гол үүрэг гүйцэтгэгч хэмээн ойлгуулахыг эрмэлздэг. Гэтэл бодит байдалд бүрэн урьдчилан сэргийлж болох өвчин эндэгдлийг түгээн дэлгэрүүлэгчид нь чухам тамхи үйлдвэрлэгчид байдаг 

Нийгмийн хүрээн дэх тамхи үйлдвэрлэгчдийн далд ажиллагаа
Тамхи үйлдвэрлэгчдийн зүгээс нийгмийн дунд явуулж буй далд ажиллагаа нь  гол төлөв  “Нийгмийн хариуцлага, Нийгмийн хөгжилд  хөрөнгө оруулагч гэсэн нэрийн дор хийгддэг. Үүний цаана “бусдад халамж үзүүлэгч”, нийгэм, хүрээлэн буй орчинд “хариуцлагатай” ханддаг   нийгмийн гишүүн хэмээн ойлгогдохыг зорьдог. Гэтэл бодит амьдралд хүмүүсийг үхэлд хүргэдэг бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж, худалдаалж буй хэн ч гэсэн “Нийгмийн хариуцлага” тухай ярих нь утгагүй зүйл юм.

Улс төрийн хүрээн дэх тамхи үйлдвэрлэгчдийн далд ажиллагаа  
 Тамхи үйлдвэрлэгчид улс төрийн маш өргөн хүрээнд буюу хууль тогтоох, гүйцэтгэх болон шүүх засаглалын бүхий л түвшинд нөлөөлөн ажилладаг. Тэдний арга ажиллагааны хамгийн илэрхий хэлбэр нь шууд болон шууд бус (халхавч бүлгээр дамжуулан) байдлаар лоббидох, сонгуульд ялалт байгуулсан албан тушаалтны сонгуулийн кампанит ажилд гаргасан зардалд нэмэр хандив өргөх зэрэг юм. Харин илэрхий бус, дам байдлаар ажиллах хэлбэр нь төр, захиргааны байгууллагуудтай хамтран тамхины хууль бус худалдаанаас сэргийлэх зорилгоор хилийн хяналтыг сайжруулах, хүүхдэд зориулсан  спорт, биеийн тамирын арга хэмжээ зохион байгуулах гэх мэт хамтарсан төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх,  хүний эрхийн асуудлыг хөндсөн, түүнчлэн тамхины хяналт, зохицуулалтыг сайжруулах санал санаачлагыг буруушаасан уулзалт, олон нийтийн арга хэмжээг ивээн тэтгэх, дэмжлэг үзүүлэх гэх мэт болно.

Эдийн засгийн хүрээн дэх тамхи үйлдвэрлэгчдийн далд ажиллагаа
Тамхин бүтээгдэхүүний үйлдвэрлэл, худалдаа нь улс орон, бүс нутаг, аймаг, хот төдийгүй орон нутгийн хамгийн бага нэгжид эдийн засгийн ач холбогдолтой хэмээн тамхи үйлдвэрлэгчид ухуулан санхүү, эдийн засагт үзүүлж буй нэмэр тусыг тоон үзүүлэлтээр батлахыг оролддог.  Гэтэл тэдний тавьж буй тоон үзүүлэлтүүд нь ихэнхдээ үнийг хөөрөгдүүлсэн байдлаар буюу бодит бус тооцооллоор хийгдсэн байдаг. Үүний дээр хамгийн чухал үзүүлэлт болох тамхины хэрэглээнээс үүдэн эдийн засагт учирч буй сөрөг нөлөөллийг, мөн татвар төлөгчдийн мөнгө тамхинаас шалтгаалсан маш олон өвчин эмгэгийг эмчлэхэд үр ашиггүй зарцуулагдаж байгааг тооцоолоогүй байдаг нь харамсалтай. Орон нутгийн  эдийн засагт хувь нэмрээ оруулагч хэмээн өөрсдийгөө тунхаглагч нар маань ашиг багатай үйлдвэр, салбараа хэнэг ч үгүй хааж, илүү ашиг орлого олохын төлөө хаана л  бол хаана шилжин байрлаж нийгмийн хариуцлагатай гишүүн байх амлалтаа умартдаг нь ам ажил хоёр нь үргэлж зөрдгийн тод жишээ юм.

Хууль, эрх зүйн хүрээн дэх тамхи үйлдвэрлэгчдийн далд ажиллагаа
Тамхи үйлдвэрлэгчдийн хамгийн олонтаа хэрэгжүүлдэг ажиллагаа нь тодорхой нэг бодлого эсвэл багц бодлого, хууль тогтоомжийн эсрэг шүүхэд нэхэмжлэл гарган хариу авдаг явдал юм. Энэхүү арга хэмжээ нь дэлхий нийтийн хэмжээнээс эхлэн орон нутгийн хэмжээ хүртэлх янз бүрийн түвшинд хийгддэгээрээ онцлог. Тамхи үйлдвэрлэгчид маш олон хуульчдын хүрээгээрээ дамжуулан тэдний ашиг орлогыг бууруулах бодлого, хууль тогтоомж гаргасных нь төлөө засгийн газрыг шүүхэд  өгөх нь бий. Шүүхэд хандах болсон үндэслэлээ тамхины хяналтын бодлогын арга хэмжээ, хууль тогтоомж нь үндсэн хуулинд захирагдахгүй байна, хуулийг батлахаас өмнөх бэлтгэл шатууд зохих ёсоор явагдаагүй хэмээн тайлбарлаж хуулийг хэрэгжүүлэх, зохицуулах арга хэмжээг үгүйсгэдэг байна.

Тамхи үйлдвэрлэгчдийн далд ажиллагааг  зогсоох арга хэмжээнүүд:
·         Тамхи үйлдвэрлэгч нь үндэсний эсвэл олон улсын хэмжээний, төрийн болон хувийн эзэмшлийн аль нь ч бай засгийн газраас аливаа тэтгэмж, урамшуулал, дэмжлэг тусламж, татварын хөнгөлөлт үзүүлэхгүй байх.
·         Тамхи үйлдвэрлэгчидтэй түншлэх, сайн дурын гэрээ тохиролцолд хүрэхээс татгалзах. Үүнд, тамхи үйлдвэрлэгчдийн дэмжлэгтэйгээр өсвөр үеийг тамхинд орохоос сэргийлэх хөтөлбөр хэрэгжүүлэх, тамхи үйлдвэрлэгчдийн имижийг бүрдүүлэх аливаа кампанит ажлыг хамтран хэрэгжүүлэхээс татгалзах гэх мэт.
·         Тамхины хяналтын бодлого, хууль тогтоомжийг тамхи үйлдвэрлэгчидтэй хамтран боловсруулах, эсвэл хууль тогтоомжийн төсөл боловсруулахад дэмжлэг үзүүлье гэсэн тэдний саналаас татгалзах.

Print Friendly and PDF

No comments:

Post a Comment