ЭМШУИС үүсэн байгуулагдсаны 70 жилийн ойн баяр боллоо



ЭМШУИС үүсч байгуулагдсаны түүхт 70 жилийн ой өнгөрөгч өдрүүдэд боллоо. Баярын  нээлтийн үйл ажиллагаанд Монгол улсын засгийн газрын гишүүн, Эрүүл мэндийн сайд Н. Удвал оролцож Эрүүл мэндийн шинжлэх ухааны их сургуулийн өнөөдрийн хүрсэн хөгжил дэвшил нь үе үеийн захирал, удирдлагуудын манлайлал, удирдан зохион байгуулах ур чадвар, алсын хараа, уйгагүй хөдөлмөр, хичээл зүтгэлтэй салшгүй холбоотой хэмээн эрүүл мэндийн салбарын хамт олонд ажлын амжилт хүсч талархал илэрхийлсэн байна.

ЗХУ-д Дэлхийн II дайн үргэлжилж байсан хэдий ч манай улсын эмнэлгийн дээд мэргэжилтэй боловсон хүчин бэлтгэж эхлэхэд тус улсын багш анхны хичээлийг зааж байжээ. Тус сургуулийн анхны төгсөгч, Анагаах ухааны доктор Ч.Долгор түүхт ойн баярын хуралд хүрэлцэн ирж 1942 оны 10 дугаар сарын 1-ний өдөр анхны 54 оюутан элсэж түүнээс 13 нь төгссөн анхнаасаа хатуу, чанга сургалттай байсныг хэлээд үеийн нөхөд болон анхны багш нараа дурсан ярилаа.
Харин ЭМШУИС-ийн захирал, профессор, академич Ц.Лхагвасүрэн сургуулиасаа төрөн гарсан алдартнууд, сургуулийн нэрийн хуудас болсон оюутан залуусаараа бахархаж явдаг аа хэлээд сургуулийнхаа гаргасан томоохон амжилтуудаасаа цугласан олон зочдод танилцууллаа. ЭМШУИС нэг хүнд ногдох бүтээлийн тоо, чансаагаараа Монголын сургуулиудын тэргүүнд орсноос гадна Олон улсад хүлээн зөвшөөрөгдөн, магадлан итгэмжлэгдсэн байна. Мөн эрдэмтэн профессоруудын уйгагүй их хөдөлмөрийн хүч, оюутан залуусын чадвараар хангалттай сайн гэсэн үнэлгээтэй яваа гэдгээрээ сургуулийн захирал Ц.Лхагвасүрэн бахархан их сургуулийн бие даасан байдал төгөлдөржиж байгааг онцлоод хамт олон болон гадаад, дотоодын нийт зочид төлөөлөгчдөд баярын мэнд дэвшүүлэв.

ЭМШУИС гадаадын олон сургуулиудтай хамтран ажилладаг бөгөөд сургуулийн 70 жилийн ойн хүндэтгэлийн арга хэмжээнд 24 орны 144 сургуулийн удирдлагууд хүрэлцэн ирж хүндэтгэл үзүүлсэн байна.

Print Friendly and PDF

No comments:

Post a Comment