Цууны хүчлийг Монгол улсад ашиглахыг
хязгаарласан химийн бодисын жагсаалтад Засгийн газрын 2012 оны 145
дугаар тогтоолоор оруулж 25 хувиас дээш концентрацтай, 500 мл хүртэл
хэмжээгээр жижиглэн савласан цууны хүчлийг хүнсний зориулалтаар
ашиглахыг 2013 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн хориглосон тухай
Байгаль орчин ногоон хөгжлийн сайд, Эрүүл мэндийн сайд нарын хамтарсан
тушаал батлагдсаныг “Химийн аюулгүй байдал, хордлогын менежментийг
зохицуулах зөвлөл”-ийн дарга, Эрүүл мэндийн дэд сайд Ж.Амарсанаа
танилцуулав.
Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын
мэдээгээр дэлхийн хүн амын дундах зонхилон тохиолдох өвчний жагсаалтын
гуравдугаарт хордлого, осол гэмтэл багтаж байгаа бол Монгол улсад химийн
бодисын зүй бус хэрэглээтэй холбоотой химийн бодисын хурц болон архаг
хордлогын тохиолдол сүүлийн жилүүдэд ихэсч нас баралтын шалтгааны
тавдугаарт хордлого, осол, гэмтэл бичигдэж байна.
Эдгээрийн дотроос хамгийн түгээмэл
тохиолдож буй хордлогын нэг нь хүнсний зориулалтаар худалдаалагдаж буй
50-80 хувийн цууны хүчлийг санамсаргүй болон амиа хорлох сэдэлтэйгээр
ууснаас үүссэн хордлого юм. Хордлогын яаралтай тусламжийн үндэсний төвд
2003-2011 онуудад нийт 4436 хордлого бүртгэгдсэний 534 тохиолдлын
шалтгаан нь цууны хүчил байсан бөгөөд цууны хүчлийн хордлогын улмаас
жилдээ 50-60 гаруй хүн хордож, 3-9 хүн нас барж байна. Эх хүүхдийн эрүүл
мэндийн үндэсний төвд сүүлийн 10 жилийн байдлаар нийт 479 хүүхэд цууны
хүчлийн хордлогын улмаас хүргэгджээ.
Эх сурвалж: www.moh.mn
No comments:
Post a Comment