Дэлхий даяар жил бүрийн хоёрдугаар сарын 4-ний өдрийг “Хорт хавдартай
тэмцэх санаачлага”-ын өдөр болгон тэмдэглэдэг уламжлалтай. Энэхүү өдөр
хүн төрөлхтөнд аюул занал учруулж буй хорт хавдраас сэргийлэх, хянах
асуудалд бүх нийтийн анхаарлыг хандуулж идэвх санаачлагыг өрнүүлэх
зорилготой. Энэхүү арга хэмжээний зорилго нь хүн амын дундах хорт
хавдраас сэргийлэх мэдлэг, боловсролыг дээшлүүлснээр хорт хавдраас
сэргийлэх, нас баралтыг бууруулахад дэлхийн улс орнуудын Засгийн газар
болон хувь хүмүүсийг энэ аюулын эсрэг нийтээрээ тодорхой зүйл хийхийг
уриалахад оршдог.
Хавдрын эсрэг дэлхийн өдрийг Олон улсын хавдраас сэргийлэх, хянах
холбооноос санаачилсан бөгөөд уг холбоо нь дэлхий даяар хавдартай
тэмцэх, урьдчилан сэргийлэх зорилготой 155 орны хавдрын томоохон
нийгэмлэгүүд, эрүүл мэндийн яамд, судалгааны төвүүд, эмчилгээний төвүүд
болон өвчтний бүлгүүд зэрэг 765 байгууллага гишүүнчлэлттэй олон улсын
төрийн бус байгууллага юм. Жил бүр Олон улсын хавдраас сэргийлэх, хянах холбоо нь тодорхой уриан дор хавдрын эсрэг Дэлхийн өдрийг тэмдэглэн өнгөрүүлдэг бөгөөд энэ удаад уг компанит ажлын хүрээнд Хавдартай тэмцэх дэлхийн тунхаглалын тавдугаар зорилт болох “Хорт хавдрын тухай төөрөгдөл, буруу ойлголтыг арилган засах”-ад бүхний анхаарлыг хандуулах зорилготойгоор “Хорт хавдарын талаар та юу мэдэх вэ?” уриан дор зохион байгуулж байна. Хавдартай тэмцэх дэлхийн өдөр нь хүмүүсийн хорт хавдрын талаарх ерөнхий мэдлэгийг дээшлүүлэх, хавдрын тухай буруу ойлголтыг залруулах зорилгоор дуу хоолойгоо нэгтгэх боломжийг бүрдүүлдэг.
Төөрөгдөл 1: Хавдар бол зөвхөн эрүүл мэндийн асуудал гэж үзэх.
Үнэн хэрэгтээ хорт хавдар нь зөвхөн эрүүл мэндийн асуудал бус, нийгэм, эдийн засгийн хөгжил, хүний эрх зэрэгтэй холбоотой маш өргөн хүрээг хамарсан асуудал төдийгүй улс орнуудын хөгжил, нийгмийн харилцаа, эдийн засгийн хөгжилд нөлөөлдөг гол хүчин зүйлсийн нэг юм.
Төөрөгдөл 2: Хорт хавдраар өндөр настай болон баян чинээлэг хүмүүс өвддөг түүнчлэн хөгжингүй оронд түлхүү тохиолддог өвчин гэж үзэх.
Үнэн хэрэгтээ хорт хавдраар хэн ч ялгалгүй өвдөж болдог төдийгүй аль улс орны хүмүүст тохиолддог өвчин юм. Харин ч судлаачдын үзэж байгаагаар бол бага, дунд орлоготой улс орнуудад хорт хавдрын шинэ тохиолдлын 70 гаруй хувь нь гарах тооцоололтой байгаа нь эдгээр орнуудад нийгмийн эрүүл мэндийн тулгамдсан асуудлуудын нэг болж байна.
Төөрөгдөл 3: Хорт хавдар бол үхлийн аюултай.
Үнэн хэрэгтээ урьд өмнө нь хорт хавдар нь зөвхөн үхэлд хүргэдэг гэж үздэг байсан боловч өнөөдөр оношлогоо, эмчилгээний шинэ дэвшилтэт техник, технологи нэвтрэхийн зэрэгцээ хувь хүн өөрийн эрүүл мэндийн хамгаалах, эрүүл амьдралын хэв маяг хэвшүүлсэний үр дүнд бүрэн эдгэрэх, эмчлэгдэх боломжтой болсон. Бодит байдал дээр хорт хавдар үүсэхэд нөлөөлдөг эрсдэлт хүчин зүйлс тэдгээрээс урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэн эмчлэх нь бүрэн эдгэрэх, эмчлэх боломжийг бүрдүүлж байна.
Төөрөгдөл 4: Хорт хавдар- миний хувь тавилан гэж үзэх.
Үнэн хэрэгтээ хорт хавдар өвчний 3 тохиолдол тутмын нэгээс сэргийлэх бүрэн боломжтой байдаг. Иймд хорт хавдраас урьдчилан сэргийлэх оновчтой арга хэмжээг хэрэгжүүлэх нь хавдрын өвчлөлийг бууруулж чадах хамгийн үр дүнтэй арга юм.
ДЭМБ-ын санхүүжилтээр Хавдартай тэмцэх дэлхийн өдрийг Хавдар Судлалын Үндэсний Төв нь ЭМЯ, Эрүүл мэндийн сэтгүүлчдийн “Оюуны дархлаа” төрийн бус байгууллагатай хамтран тэмдэглэж өнгөрүүллээ. Энэ өдөр сэтгүүлчдэд зориулсан сургалт зохион байгуулж, “Хавдрын өвчлөлийн байдал, хорт хавдраас сэргийлэх, эрт илрүүлэхэд хувь хүн олон нийт юуг мэдэх хэрэгтэй вэ?”, “Умайн хүзүүний эрт илрүүлэг үзлэг”, “Элэгний хорт хавдрын тухай”, “Хорт хавдрын оношилгоонд хэрэглэгддэг лабораторийн шинжилгээний аргууд” гэсэн сэдвээр хичээл заалаа. Сургалтад TV5, C18 25TV, NBS TV, Royal TV, SBN TV, TV10, Star TV, TV8, Eagle TV, MNC, Шинэ дэлхий, ZA TV зэрэг телевиз, Өнөөдөр, Өдрийн шуудан, Монголын үнэн, Өдрийн сонин, Үндэсний шуудан, Өглөөний сонин, Mongolian Photo, VIP news сэтгүүл, Монголын радио, Хурд агентлаг, Улаанбаатар радио, info.mn, inet.mn, news.mn зэрэг вэб сайт нийт 40 гаруй байгууллагын 80 гаруй сэтгүүлч, оператор оролцлоо. Эдгээр хэвлэл, мэдээлийн байгууллагын 30 ажилтнуудыг мэс засал, толгой хүзүүний мэс засал, рентген, хэт авиа оношилгоо, эмэгтэйчүүдийн эмчийн урьдчилан сэргийлэх үзлэг шинжилгээнд үзлэгт хамрууллаа.
Түүнчлэн ХСҮТ-ийн нарийн мэргэжлийн эмч нар телевиз, радио, сонин, сэтгүүл, цахим хуудсуудад хорт хавдар өвчин, түүнд нөлөөлөх хүчин зүйлс, тэдгээрээс сэргийлэх талаар ярилцлага, мэдээлэл өглөө.
No comments:
Post a Comment