“Нярайн нэн шаардлагатай тусламж болон Зонхилон тохиолдох эмгэгүүд” эмнэлзүйн сургалт явагдлаа

Булган  аймагт перинаталь эндэгдэл 2012 оны эхний 10 сард 13 промилл байсан бол 2013 оны эхний 10 сарын байдлаар 11 промилл байгаа нь эндэгдэл нэг түвшинд байгаа ба мөн нэг хүртэлх насны хүүхдийн эндэгдэлд нярайн нас баралт өндөр байна. Булган аймгийн ЭМГ, Нэгдсэн эмнэлгийн удирдлага “Нярайн нэн шаардлагатай тусламж болон зонхилон тохиолдох эмгэгүүд” эмнэлзүйн сургалтыг тус аймагт явуулах хүсэлт гаргасны дагуу ЭХЭМҮТ, Эрүүл мэндийн хөгжлийн төвийн томилолтоор 4 хоног ажиллаж сургалт явууллаа.  
    Нярай хүүхдэд үзүүлэх нарийн мэргэжлийн тусламж үйлчилгээг сайжруулахад эмч, эмнэлгийн мэргэжилтний мэдлэг, хандлага, багаар ажиллах чадварыг сайжруулах, нярайд үзүүлэх сэхээн амьдруулалт-яаралтай тусламжийн мэдлэгийг дээшлүүлэх, практик ур чадварыг нэмэгдүүлэх, нярайн зонхилон тохиолдох өвчнүүдийн үеийн эмчилгээ, оношилгоог удирдамжийн дагуу зохион явууллаа

Сургалтыг хөтөлбөрийн дагуу онолын 20, дадлагын 12 нийт 32 цагийн сургалт явуулсан ба зарим өдөр сургалтыг илүү цагаар хийлээ.

Сургалт үндсэн 20 оролцогчтой явагдсан боловч, байгууллагын удирдлагууд санал болгосноор эмч, нярайн сувилагч нар сургалтанд нэмж оролцож, нийт 26 оролцогчтой хичээллэсэн.

Сургалтанд оролцогчдоос сургалтын өмнө 25 асуумжаар сорил авахад үнэлгээний дундаж–48.4%, сургалтын төгсгөлд–87.3% байгаа нь оролцогцдын мэдлэг сайжирсан нь харагдаж байна.  /Сургалтын хөтөлбөр, сорилын асуумжийг тайланд хавсаргав/.

Онолын хичээлээр шинэ мэдээллүүдийг өгч, сэхээн амьдруулалт – яаралтай тусламжийг хүүхэлдэй дээр оролцогч бүр багаар үзүүлж, яаралтай тусламжийн хэсэг байгуулах, эм тариа найруулах, эмийн тооцоо хийх, бодлого бодох, дүрд тоглох зэргээр явууллаа.
Дадлагын хичээлээр оролцогч бүр төрөх тасгийн үйл ажиллагаатай танилцах, нярайн өрөөнүүдийн зохион байгуулалт, яаралтай тусламжийн хэсэгтэй танилцах, нярайд төрөх үед болон төрсний дараа  үзлэг хийж, тусламж үзүүлэх, яаралтай тусламжийн үед багаар тусламж үзүүлэх зэрэг дадлага хийсэн ба эмнэлгийн багаж тоног төхөөрөмжүүдийн зориулалт, хэрхэн  ажиллуулах талаар суралцаж, оролцогчид өөрсдөө ажиллуулж, цэвэрлэгээ ариутгал хийсэн.

5. Сургалтанд оролцогчдын ажил мэргэжлийн бүтэц
Хүүхдийн эмч
2
Нярайн эмч
1
Мэдэгүйжүүлгийн эмч
1
Сумын эмч
15
Халдвартын эмч
2
Эх баригч
1
Өрхийн эмч
2
Нярайн сувилагч
2

 Сургалтанд оролцогцдоос авсан санал асуулга

Нярайн нэн шаардлагатай тусламж болон нярайн сэхээн амьдруулалт сургалтыг ажлын байран дээр нь олон эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийг хамруулж, дадлага хийлгэж, нэг бүрчлэн зааж сургасан нь их үр дүнтэй боллоо.

Онолын хичээлээр шинэ мэдээлэл олгох, дадлагын хичээлээр тасгуудад эрүүл болон тусламж шаардлагатай нярай хүүхэд үзэж, багаар ажиллаж, харилцан ярилцах хэлбэрээр явуулсан тул илүү ойлгосон, үр өгөөжтэй байлаа.

Хичээлд ашиглах ном, гарын авлага, хүүхэлдэй, Амбу бусад хэрэгслүүд бэлэн байгаа нь сурахад хялбар байлаа. Цаашид сургалтын номоо байнга ашиглаж дадлага хийж байна.

Онолын хичээлээр нярай хүүхдэд шингэн сэлбэх эмчилгээг шинээр тооцож хийж сурсан ба цаг бага байсан тул хэцүү байсан. Мөн сэхэээн амьдруулалтын дадлага хийх, АХХШ-тэй болон дутуу нярай хүүхдэд яаралтай тусламж үзүүлэх хэцүү байсан, сандарч байсан.

Тасагт ажиллаж байгаа эмнэлгийн багаж тоног төхөөрөмжүүдийн зориулалт, хэрхэн ажиллуулах талаар сурлаа.

Эх барихын эмч, эх баригч нарыг сургалтанд оролцуулсан бол сургалтаас олж авсан мэдлэгээ хэрэгжүүлэхэд илүү сайн байх байлаа. Эх барихын эмч, нярайн эмч, эх баригч, нярайн сувилагч багаар дадлага хийхэд суралцах байлаа.  

Цаашид энэ сургалтыг ажлын байран дээр нь давтан явуулж, эмч, эх баригч, сувилагч нарыг хамруулах саналтай байна. Цаашид нэгдсэн эмнэлгээс болон сумдаас 1 багаар оролцуулж сургавал үр дүнтэй болно.

Сургалтанд нэн шаардлагатай хэрэгцээтэй сэдвүүд орсон байна. Цаашид таталтын үеийн тусламж, шарлалт сэдвүүдийг оруулах

Сургалт ойлгожтой, цэгцтэй, маш их үр өгөөжтэй, сайн сургалт боллоо, сэтгэл ханамж өндөр байна. Цаашид энэ хэлбэрээр явуулбал зүгээр. 

Сургалтанд оролцогчдоос гаргасан санал хүсэлт

1.    Бидний урилгыг хүлээн авч орон нутагт ирж чин сэтгэлээсээ ажиллаж Эмнэлзүйн сургалтыг амжилттай зааж сургасанд маш их баярлаж байна

2.    Энэхүү сургалтыг Амаржих газарт давтан зохион байгуулж эмч, эх баригч, сувилагч нар бие биенээсээ байнга суралцаж байх орчинг бүрдүүлнэ.

3.    Сургалтаар олж авсан мэдлэг чадвараа өдөр тутмынхаа үйл ажиллагаанд хэрэгжүүлэн нэвтрүүлж нярайн эндэгдлийг бууруулах зорилго тавьж ажиллах болно.

4.    Ажил дээр хэрэгжүүлсэн зүйлээ 6-8 сарын хугацаанд дүгнэн үзүүлэх зорилгоор дахин ийм төрлийн сургалт авах хүсэлтэй байна.  

Сургалт удирдсан багшийн санал, дүгнэлт:

1.    “Нярайн нэн шаардлагатай тусламж болон зонхилон тохиолдох эмгэгүүд” эмнэлзүйн сургалтыг Булган аймагт ажлын байран дээр нь явуулснаар эмч, эмнэлгийн мэргэжилтний мэдлэг, ур чадварыг сайжруулах, дадал хандлагыг өөрчлөхөд илүү их боломж олголоо.

2.    Энэ сургалтын хугацаанд сурсан Нярай хүүхдэд үзүүлэх нэн шаардлагатай тусламж, эмчилгээний зарчмууд нэн ялангуяа сэхээн амьдруулах - яаралтай тусламжийн онол, дадлагын мэдлэгтээ тулгуурлан тусламжийг удирдамжийн дагуу  үзүүлснээр нярайн нас баралтыг бууруулж ажиллах

3.    Эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдэд ажлын байран дээр нь давтан сургалтуудыг тасралтгүй тогтмол явуулж, багаар үзүүлэх тусламжийн ур чадварыг дээшлүүлэх

4.    Нярайн хяналтыг сайжруулах, сумдын эмнэлгүүдэд соруулах гуурс, Амбу хүүдий маск, пульсоксиметр, дуслын автомат тариур, хүчилтөрөгч өтгөрүүлэгч аппарат, дулаацуулах гудас, дулаацуулах ширээ, фото эмчилгээний аппарат нэмж захиалах

5.    Нийт оролцогчид сургалтанд идэвхтэй оролцсон ба онол дадлагын хичээлээр нярай хүүхдэд үзүүлэх нэн шаардлагатай болон сэхээн амьдруулах тусламжийг удирдамжийн дагуу гүйцэтгэж, эхчүүдэд нярайн асаргаа сувилгааны зөвлөгөөг сайн өгч байсанд сургагч багш нарын зүгээс талархал илэрхийлж байна.

6.    Энэхүү сургалтыг зохион байгуулж, санхүүгийн дэмжлэг үзүүлсэн ЭХЭМҮТ, Эрүүл мэндийн хөгжлийн төв, Дэлхийн зөн Олон улсын байгууллага болон мөн сургалт явуулах таатай орчинг бүрдүүлж бүхий л талаар туслалцаа дэмжлэг үзүүлсэн Булган аймгийн ЭМГ, Нэгдсэн эмнэлгийн хамт олонд болон нийт оролцогцдод гүн талархал илэрхийлж байна.   

 

 

                    


 

Print Friendly and PDF

No comments:

Post a Comment