Хорт зуршлаас татгалзья

Донтох эмгэг
Спиртийн төрлийн бүх ундаа /архи/ хүний мэдрэлийн тогтолцоог гажуудуулж, мансуурах /согтох/ үйлчилгээ үзүүлдэг. Өөрөөр хэлбэл, өөрийгөө хянах, орчиндоо үнэлэлт өгөх чадвараа алдана гэсэн үг.
Архи бага зэрэг уусан эхний үед сэтгэл санаа сэргэн, үг яриа олширч, хэнтэй ч юу ч хийхээс буцахгүй зориг зүрх орон, хөгжилтэй болдог. Ухаантай нэгэн бол үүнээс цааш уувал би ухаанаа алдаж магадгүй хэмжээнд хүрч гэж үзээд биеэ татаж авдаг.
 Ихэнх тохиолдолд ийм байдлаа цааш улам лавшруулах хүсэлдээ хөтлөгдөн уусаар тасрах ба тэр үедээ юу хийснээ мэддэггүй. Уусан архиныхаа нөлөөгөөр дотроосоо халуу шатаж байх учир хүйтний улиралд осгож хөлдөх нь цөөнгүй. Архи байнга хэрэглээд байвал хар тамхинд ордог шиг донтдог. Судлаачид архинд донтохыг 3-4 үе шат болгон ангилдаг. Гэвч тухайн хүний удамшил, биеийн онцлогоос хамаарч богино хугацаанд донтох тохиолдол цөөн биш. Архичин болох эхний шатанд биеэ татаж авах бүрэн боломжтой байдаг бөгөөд тухайн хүний ухамсар л гол нөлөөтэй. Түүнээс гадна гэр бүл, найз нөхөд, хамт олны зүгээс тавих шаардлага зөвлөгөө ч тус болно. Ер нь сэтгэлийн тэнхээгүй, зориг тэвчээргүй хүмүүс л архинд донтох нь элбэг байдаг. Нөгөө талаар ялимгүй алдар хүнд хүний толгойг эргүүлэн, бялууруулж, нэг л мэдсэн архинд донтсон жишээ олон. Эхний үедээ архи уух эсэх нь тухайн хүнээс сэтгэлээс хамааралтай байдаг. Жолоогоо татах боломж өөрт нь байдаг гэсэн үг. Ингэж чадахгүй даамжраад байвал сэтгэл нь байвч бие организм нь архи уухыг шаардаж эхэлнэ. Ямар ч аргаар хамаагүй архи олж уухгүй бол тогтож сууж чадахаа болих ба бие нь сулран, хүйтэн хөлс нь чийхрэх зэргээр хордлогын шинж өгдөг. Архи олж уусны дараа энэ бүх зовиур арилах боловч улам цаашлан уух хүсэл нь оргилно.
Хүслээ тогтоох зориг тэвчээргүй бол дээрх байдал даамжирч хий юм сонсох, харах, эргэн тойронд буй хүмүүсээ хардаж, амь насанд нь заналхийлээд байгаа мэт аяглана. Үүнээс болоод гэмт хэрэг үйлдэх, хүний амь нас хохироох нь нэг, хоёроор тогтохгүй. Ийм байдалд хүрсэн бол архаг архичин болсон төдийгүй цагаан солио туссан гэж үзнэ. Албадан эмчлэх нь солиотой этгээдийг нийгмээс холдуулах, түр зуурын л арга хэмжээ гэхэд болно. Урьдчилан сэргийлэх аргыг тайлбарлах нь бараг илүүц. Архи огт уудаггүй юм гэхэд тохируулж уух, хаана, хэнтэй, ямар хэмжээгээр уухаа бодож тооцдог байвал үндсэндээ болох нь тэр. Архи уудаг болгон архаг архичин, цагаан солиот болдоггүй нь тухайн хүн зохицуулж чаддагтай холбоотой. Нас залуу байх тусам архинд донтох магадлал өндөр байдаг. Тиймээс ч “Дөч хүрээд дөнгөж амс, тавь хүрээд тавьж уу, жар хүрээд жаргаж уу” гэсэн үг гарсан болов уу. Нас тогтож ухаан суусан хойноо архаг архичин болох нь бараг үгүй байдгаас үүдэлтэй. Нөгөө талаар хүний бие организмд спирт тодорхой хэмжээгээр хэрэгтэй байдаг ч энэ нь 50 нас хүрсэн хойно л анзаарагдаж эхэлдэг шинжлэх ухааны үндэслэлтэй. Монголчуудын хувьд энэ хэрэгцээгээ айргаараа нөхөх бүрэн боломжтой. Гадныхан бол архи бага ууж шар айраг хэрэглэдэг жишээтэй. Архинд донтсон хүмүүсийг эмнэлэгт хэвтүүлж эмчилгээ хийдэг. Бас архинаас гаргах ерөндөг ч тавьдаг. Харамсалтай нь үр дүн нь тийм ч сайн биш. Яагаад гэхээр эмнэлэг тухайн хүний биед шингэсэн спиртийн үлдэгдлийг цэвэрлэх, хордлогоос бүрэн гаргах эмчилгээ хийдэг юм. Эмчилгээ дуусахад тухайн хүний бие организм архи уухыг шаардахаа болино гэсэн үг. Одоо ганцхан сэтгэлийн шаардлага нь л үлдэнэ. Түүнийг арилгах боломж байхгүй. Уг хүний архинаас гарах хүсэл эрмэлзэл л үндсэн эмчилгээ болж үлддэг. Харин эмчилгээ хийлгээд гарсан найз нөхрөө уруу татахгүй байх нь цаашид архичин болж даамжрах эсэхэд нөлөөтэй нь үнэн. Архинаас гаргах ерөндөг бол дээр дурдсан сэтгэлийн шаардлагад нь дэм өгөх зорилготой. Ерөндөг тавиулсан хүн архи хэрэглэвэл ерөндөг доторх бодис урвалд орж, уг хүний бие хүчтэй хямарна. Магад ч үгүй амь насанд нь аюул учирч болзошгүй байдал үүсдэг. Үүнийг даван туулж, архи хэрэглэхгүй байх тэсвэр тэвчээр байхгүй бол цаашид найдваргүй. Нийгэмд ч, эцэг, эх, гэр бүлдээ ч хэрэгцээгүй нэгэн болсон нь тэр. Нийгмийн шаар шавхруу гэдэг шүү дээ. Архи ийм л гайтай эд.       
“Эрүүл мэнд” гэр бүлээрээ унших номоос

Print Friendly and PDF

No comments:

Post a Comment