Эрүүл мэндийн даатгалын боломжууд

УИХ Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийг шинэчлэн баталснаар даатгуулагч эмнэлгээ сонгож үйлчлүүлэх боломжтойгоос гадна өндөр өртөгтэй үйлчилгээ авах тохиолдолд зардал нь хүрэхгүй бол гэр бүлийн гишүүнийхээ даатгалыг шилжүүлж ашиглах зэрэг боломжууд нээлттэй болсон юм. Уг хууль 2015 оны долдугаар сарын 1-нээс эхлэн хэрэгжинэ. Хуульд ямар боломжууд тусгасан талаарх мэдээллийг багцлан хүргэе.


ИРГЭН БҮР ЦАХИМ КАРТТАЙ БОЛНО 
Иргэн бүр эрүүл мэндийн даатгалд хамрагдана. Иргэн бүр цахим карттай болно. Цахим карт нь тухайн даатгуулагчийн өвчний түүхийг агуулна. Даатгуулагч бүр өөрийн пин кодтой, энэ нь файл руу нэвтрэх түлхүүр болох аж. Цахим карт руу хэн дуртай нь нэвтрэхгүй, даатгуулагч өөрийн нууц кодыг оруулж нэвтэрнэ. Эмч харин тэмдэглэл хөтөлнө. Мөн цахим картад эрүүл мэндийн ямар үйлчилгээ авсан нь тэмдэглэгдэж үлдэнэ.

ДААТГУУЛАГЧИЙН ТӨЛӨХ ШИМТГЭЛ ХЭД ВЭ? 

Ажил хөдөлмөр эрхэлж байгаа иргэдийн сард төлөх ЭМД-ын шимтгэлийн хувь хэмжээ нь хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын дөрвөөс доошгүй хувь байх заалт хэвээр батлагджээ. Тодруулбал, ажил олгогч хоёр хувийг, хөдөлмөр эрхлэгч хоёр хувийг тус бүр төлнө. Харин ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд зэрэг төрөөс ЭМД-ыг хариуцдаг хэсгийнхний шимтгэлийн хувь хэмжээ сарынх нь 3840 төгрөг, жилийнх нь 46 мянган төгрөг байхаар зааж өгчээ. Одоо мөрдөж байгаа хуулиар тэдний ЭМД-ын шимтгэлд төрөөс жилд 8000 төгрөгийн шимтгэл төлдөг. Шинэ хуулиар шимтгэлийн хэмжээг найм дахин нэмэгдүүлсэн нь даатгуулсан иргэн 1.8 сая хүртэлх төгрөгтэй тэнцэх тусламж авах учраас бодит байдал руу ойртуулах ёстой гэж үзсэнтэй холбоотой аж. Мөн хувиараа хөдөлмөр эрхлэгчдийн ЭМД-ын шимтгэлийн хувь хэмжээ жилийнх нь 46 мянган төгрөг.

Их, дээд сургууль, мэргэжлийн сургалт үйлдвэр­лэлийн төвд суралцдаг оюутнууд, 0-18 хүртэлх насны хүүхдийн ЭМД-ын шимтгэлийг төр даана. Шимтгэлийн хэмжээ Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний 1 хувьтай тэнцэх буюу сарынх нь 1900 төгрөг, жилийнх нь 28 мянга орчим төгрөг байх аж.

ДААТГУУЛАГЧ ЯМАР ҮЙЛЧИЛГЭЭ АВАХ ВЭ?

Шинэ хууль хэрэгжиж эхэлснээр даатгуулагч аль эмнэлэгт очиж үзүүлж, үйлчилгээ авахаа сонгоно. Дээр нь есөн төрлийн үйлчилгээг даатгалаас санхүүжүүлэхээр тусгаж өгчээ. Үүнд, Амбулаторийн үзлэг, оношлогоо, хэвтүүлэн эмчлүүлэх тусламж, үйлчилгээ, өдрийн эмчилгээ, хорт хавдрын болон бусад өвчний хөнгөвчлөх тусламж үйлчилгээ, өндөр өртөгтэй зарим үйлчилгээ, шаардлагатай эмнэлгийн хэрэгсэл, уламжлалт сэргээн засах болон сувиллын тусламж үйлчилгээ зэрэг багтаж байна. Хөдөө орон нутгийн иргэд туяа эмчилгээнд орохын тулд Улаанбаатар хотыг зорьдог байсан бол аймгийн нэгдсэн эмнэлгүүд нь энэ төрлийн үйлчилгээг үзүүлж байгаа нөхцөлд шууд очиж, үйлчилгээ авах боломжтой болжээ.

Шинэ хуулиар олгосон хамгийн том боломж нь даатгуулагч өндөр өртөгтэй үйлчилгээ авахад зардал нь хүрэхгүй бол гэр бүлийн гишүүнийхээ даатгалыг шилжүүлж, авах эрх нээгдэж байна. Ингэснээр 3.6 сая хүртэлх төгрөгтэй тэнцэх эрүүл мэндийн үйлчилгээг авах боломжтой болно. ЭМД-д сар бүр тогтмол шимтгэл төлөөд байдаг хэрнээ тэр бүр үйлчилгээ авдаггүй иргэдийн хувьд даатгалаа гэр бүлийн гишүүндээ шилжүүлж ашиглах боломж нээгдэнэ гэдэг давуу тал юм.

ЭМ ХУДАЛДАН АВАХДАА ХӨНГӨЛӨЛТ ЭДЭЛНЭ

Одоо мөрдөж байгаа хуулиар даатгуулагч өрх болон багийн эмчийн бичсэн жороор эм худалдан авахад даатгалын сангаас хөнгөлөлт эдэлдэг бол шинэ хууль хэрэгжиж эхэлснээр аймаг, дүүргийн амбулаторийн нарийн мэргэжлийн эмчийн бичсэн жороор эм худалдан авахад үнийн хөнгөлөлт үзүүлэх нь.

Мөн энэ хуулийн хүрээнд ажил олгогч нар ажилтан, албан хаагчдаа жилд нэг удаа эрүүл мэндийн үзлэгт хамруулж байх үүрэг хүлээсэн байна. Тухайлбал, элэгний эрүүл мэндийн үзлэгт хамруулж болох нь. Түүнчлэн эрүүл мэндийн байгууллага тодорхой өвчнөөс урьдчилан сэргийлэх зорилгоор нийтийг хамарсан оношлогоо эмчилгээ хийхэд зардал нь эрүүл мэндийн даатгалаас гаргах юм байна. Тиймээс энэ үзлэгт хамрагдах нь иргэний үүрэг болж хуульчлагджээ.

ДААТГУУЛАГЧ ТӨЛБӨРӨӨ ЦАХИМ КАРТААР ХИЙХ ҮҮ?

Даатгуулагч цахим картаар төлбөр хийхгүй. Харин хуулийн дагуу даатгуулагч бүрт олгох цахим карт тухайн хүнийг эрүүл мэндийн даатгалд даатгуулсныг гэрчлэх юм байна. Ийм карттай даатгуулагч хаана ч явсан эмнэлгийн тусламжийг даатгалын зардлаар авч болно. Даатгалын цахим картыг нэвтрүүлснээр мэдээллийн цахим сан бий болж эрүүл мэндийн даатгалын байгууллагаас эмнэлгийн байгууллагад тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг богино хугацаанд шилжүүлэх боломж бүрдэх юм байна.

БУЛГАН АЙМГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ГАЗАР

Print Friendly and PDF

No comments:

Post a Comment