ШУУРХАЙ УДИРДЛАГЫН ТӨВӨӨС МЭДЭЭЛЖ БАЙНА. /2015.08.17/

2015 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн 10 цагийн байдлаар
Монгол улсад:
Тарваган тахал өвчний мэдээ:
Өвчтөн “Д” 16 настай, эрэгтэй. Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын харьяат.
Өвчтөн 8 дугаар сарын 10-нд нохой зууж ирсэн тарвагыг өвчих явцдаа баруун гарын дунд хурууг эсгэсэн.
8 дугаар сарын 13-ны оройноос 40 хэм халуурч, баруун суганы булчирхай хөндүүрлэсэн зовиуртайгаар 8 дугаар сарын 14-ний 11 цагт сумын эмнэлэгт ирж хандаж, тусгаарлагдсан.
Өвчтний булчирхайн шүүдэснээс нян харах, ийлдэс судлал, нян судлал, биологийн шинжилгээгээр тарваган тахлын үүсгэгч Y.pestis илэрч, тарваган тахлын булчирхайн хэлбэрээр өвчилсөн болох нь тархвар судлалын холбогдол, эмнэлзүйн шинж тэмдэг, лабораторийн шинжилгээгээр батлагдсан байна.
Өвчтөний 1 дүгээр хавьтлын 8, 2 дугаар хавьтлын 8 хүнийг илрүүлж, эрүүл мэндийг хянаж байна.
Голомтод аймгийн ОБХ, ЭМГ, ЗӨСТ-өөс хамтарсан баг ажиллаж байна.
Эх сурвалж: ЗӨСҮТ
Хэрэгжүүлж буй хариу арга хэмжээ
Эрүүл мэнд, спортын сайдын 2015 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн 1а/3156 тоот албан даалгаврыг хэрэгжүүлэн ажиллах;
Тарваган тахал өвчнөөс сэргийлэх мэдээлэл сургалт сурталчилгааны ажлыг эрчимжүүлэх;
Тарваган тахал өвчний эрсдлийн түргэвчилсэн үнэлгээг давтан хийж, эрсдлийн зэргийг тогтоох.

Газар хөдлөлт:
Дорноговь аймгийн Дэлгэрэх сумаас зүүн зүгт 29 км-ийн зайд 8 дугаар сарын 14-ний өдрийн 12:51 цагт 4.2 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон ба учруулсан хохирол байхгүй.
Эх сурвалж: ОБЕГ
Хэрэгжүүлж буй хариу арга хэмжээ
Мэдээллийг холбогдох байгууллагуудад хүргүүллээ.
Дэлхий дахинд:
Хүний Коронавирүст (MERS-CoV) халдвар:
БНСУ, БНХАУ-д нийт 186 лабораториор батлагдсан тохиолдол бүртгэгдэж, 36 хүн нас барсан байна. Нас баралтын түвшин 19.3%.
2015 оны 8-р сарын 10-наас 12-ны хооронд Саудын Араб улсад 12 батлагдсан тохиолдол, 1 нас баралтыг нэмэлтээр мэдээлсэн байна. 9 тохиолдол нь Riyadh хотын нэгэн эмнэлэгт яаралтай тусламжийн тасагт хоёрдогч халдвар байдлаар тархсан байна.
Дэлхий дахинд 1413 лабораториор батлагдсан тохиолдол бүртгэгдэж, 502 (35.6%) хүн нас барсан байна.
Эх сурвалж: ДЭМБ
Хэрэгжүүлж буй хариу арга хэмжээ
Мэдээллийг холбогдох байгууллагуудад хүргүүлж, мэдээлэл сурталчилгаа хийж байна.
Эбола вирүст халдвар:
2015 оны 08 дугаар сарын 12-ны байдлаар дэлхийн 10 улсад 28031 хүн өвчилж, 11347 (40%) хүн нас баржээ. Эрчимттэй тархалттай байгаа Гвиней, Сьерра-Леон улсад өнгөрсөн долоо хоногийн хугацаанд нийт 3 хүн шинээр мэдээлэгдсэн байна.
Эх сурвалж: ДЭМБ
Хэрэгжүүлж буй хариу арга хэмжээ
ЭМСЯ-ны цахим хуудас www.mohs.mn болон www.facebook.com/EOC.health фейсбүүк хуудсаар сурталчилж байна.

Print Friendly and PDF

No comments:

Post a Comment