Гэгээн түүхийн эхлэл
Холоос сүндэрлэн бараа нь харагдах Цамбагарав уулын бэлд орших Ховд
аймгийн Эрдэнэбүрэн суманд нэгэн хүү мэндэлжээ. Энэ нь дөрвөн үе дамжин
алтан чагнуур зүүх учиртай, нутаг усандаа алдартай оточ эрхэм Найдан
байв. Найдан хүний ганц хүү. Ээжтэйгээ өсч, хүнд хэцүү амьдралд
хатуужсан нэгэн. Сумынхаа анхны эмч нарын нэг. 1950-иад оны үед Орос
мэргэжилтнүүд анагаахын хичээлийг амьдрал практикт хавсран зааж байх үед
Монгол улс үндэсний сэхээтнүүдээ бэлтгэх бодлогод хамрагдсан азтан.
Найдан эмч хэмээх мэргэжлийг эзэмшээд Баян-Өлгий аймгийн Цагааннуур
суманд томилогдов.
Удалгүй төрсөн нутагтаа ажиллах завшаан тохиолдож
Ховд нутагтаа ирсэн гэдэг. Тэрээр Буянт голын цэнгэг ус, үржил шимтэй
хөрсийг нь бараадан төвхнөсөн Буянт суманд төрсөн ааль, эрдэм төгс
даруухан эгэл эмэгтэй Ё.Цагаанхүүтэй хувь заяагаа холбож энэ гэгээн түүх
эхэлжээ. Эднийнх таван хүүхэдтэй. Хөрөг таталбарын минь эзэн энэ айлын
ууган хүүхэд. Түүнийг Найдангийн Энхтайван гэнэ. Дуудах алдрыг аав нь
хайрлажээ. Тухайн үед Оросын ард түмэнтэй энх тайвнаар зэрэгцэн оршино
гэсэн уриатай байж. Энэ утгыг эрхэм болгон Энхтайван гэдэг нэрийг
хайрласан гэдэг. Энхтайваны аав одоо 86 насыг зооглосон буянтай буурал
бий. Тэрээр цэргийн төв эмнэлгийг хөгжлийн шинэ шатанд гаргасан
гавъяатай, насаараа рентгений эмч хийсэн ачтан. Түүний бэлтгэсэн залуу
халаа одоог хүртэл тасраагүй байна. Мөн таван хүүхдийнхээ гурвыг нь эмч
болгосон буянтан билээ. Энхтайван үзэсгэлэнт Ховд хот, Буянт голын эрэгт
хүн болж хүн болж, чануур зүүх эрхтэй, чанд хатуу хариуцлагатай эмч
болох хүсэлдээ хөтлөгдөн Улаанбаатар хотыг зорьж Хоёрдугаар 10 жилийн
сургуулийг дүүргэжээ. Ингээд Анагаахын дээд сургуульд оюутан байх үедээ
нөгөө ангийн Д.Эрдэнэчимэг хэмээх сайхан бүсгүйтэй намрын ажилд явахдаа
танилцав. 300 гаруй оюутнаас цангисан сайхан хоолой, хөөрхөн төрх анх
нүдэнд нь туссан гэдэг. Дууг нь сонсоод л төрсөн анхны сэтгэгдэл нь
түүнийг мэдэх хүсэл байв. Одоогийн оюутнуудаас тэр үеийн оюутнууд нэлээд
ялгаатай. Жил бүрийн намрын ажилд оролцож, нэг зорилгын төлөө зүтгэж,
нэг тогооноос хоол идэх нь хүнийг таних, нөхөрлүүлэх, нийгэмшүүлэхэд
томоос том үүрэг гүйцэтгэсэн юм. Тухайн үеийн сангийн аж ахуйн төрх,
орчин янз бүр. Майхантай, байшинтай, хоолтой хоолгүй, инээх уйтгарлах
бүгд сүлэлдэнэ. Тэр нэгэн намрын ажлаас хойш хэдэн оюутнууд бусдаас арай
илүү дотносжээ. Эндээс л амьдралынх хань, насны чимэг болсон түүнтэйгээ
танилцсан ажээ. Сургууль төгсөх дөхлөө. Энхтайван, Эрдэнэчимэг хоёр 6
жил бие биенийхээ занг мэдэж, аль хэдийн ээнэгшжээ. Ингээд л Булган
аймаг явах томилолт өвөртлөн голомтоо бадраахаар ирсэн аж. Энэ нутгийг
сонгосон нь учиртай. Энхтайваны аав өмнө нь цэрэг татлагаар ирэхдээ
Булган хангайн нөмөр нөөлөг, тэнүүн ард түмний эгэл амьдрал ихэд
таалагдсан хэрэг. Иймээс хүүхдүүдээ ээлтэй сайхан газар амьдралаа
эхлүүлэг хэмээн сэтгэжээ.
Элдүүр ханасан он жилүүд...
Булганд ирээд сураг сонсохнээ Энхтайваныг төв дээр биш суманд хувиарлах
сураг сонсогдов. Түүний хүсэл нь аймгийн төвд үлдчих санаатай байсан ч
Намын хорооны хурлаар ороод суманд томилох шийдвэр гарчихав. Ингээд
Энхтайван гэр бүлийн хоёрыг суманд томилох төсөв хөрөнгийг нь шийдвэрлэх
хүртэл Булган аймгийн төвийн эмнэлэгт 3 сар ажиллажээ. Нэгэн өдөр
түүнийг дуудаад намын хорооны шийдвэрийг танилцуулаад тушаал өгч
Гурванбулагийн чиглэлийн онгоцонд суулгачихав. Очлоо. Гэтэл тэнд амьдрах
байр байсангүй. Хэдэн хавтастай бичиг баримт хүлээж авав. Ингээд л
хэдхэн минутын дотор сумын эмнэлгийн эмч болчих нь тэр. Анхны дуудлага
ирлээ. Түргэн тусламжийн машин байсангүй. ЗИЛ-130 буюу усны тэрэг
хөлөглөөд л өвчтөнийхөө зүг хөдлөв. Энэ үед Сум, нэгдлийн даргаар
ажиллаж байсан Жигмэддамбаа түүнд амьдрах орон байр бэлтгэх тушаал
буулгасан байж. Удалгүй тушаал ёсоор болж, гэр ч гэж дээ арай л
уначихгүй нэгэн байр зааж өгөв. Гэхдээ дуудлага, ажил их болохоор
эмнэлэг дээрээ хоноод л ажлаа явуулдаг байв. Энхтайван энэ нутагт тэд
гал голомтоо асааж, том охиноо өлгийдөн авч айлын дайтай айл, эмчийн
дөртэй эмч болжээ. Гурванбулаг сум хүнд их ээлтэй газар. Очсон хүн эргэж
хорогдмоор сайхан нутаг. Тэд тангараг өргөсөн гэр бүл учраас хэдийд ч
хоёр тийшээ гараад л дуудлаганд явна. Ёстой гутлынхаа улыг эргэтэл явна.
Суманд ажиллах хугацаандаа гэртээ амарч өнжсөн өдөр тун цөөхөн. Тухайн
үед сумын эмч хүнээ эмчлэхээс гадна сумын ариун цэврийн байцаагч, улаан
загалмайн ажилтан, эмнэлгийн удирдлага, аж ахуйн ажлыг хавсран
гүйцэтгэнэ. Ёстой л туршлагатай мэргэжлийн болгохын тулд элдүүр нь
ханасан сур шиг элддэг байв. Амь нас дэнсэлсэн үед эмч нарын авдаг 19
үйлдэл гэж бий аж. Түүнийг эмч бүр заавал эзэмшдэг байв. Бүх насныханд
хүрч, зөв онош тавьж, түргэн шуурхай ажиллах ёстой учраас дэвтэрээ
эргүүлнэ, багш нарын хэлсэн санаанд орно. Өдөр бүрийг хичээж, уншиж, цаг
минут бүрийг мэрийж өнгөрүүлдэг байв. Цаг хугацаа ч өнгөрсөнийг үл
ажирна. Очсоны дараах гурав дахь жилээс эхлэн ажил гарт орж, хүмүүсээ
таньж зүгээ олж эхэлнэ. Сумынханыхаа бүх амьдралын нь түүхийг мэддэг
амьд архив болоод ирнэ. Энэ хугацаанд тэд хоёр сайхан хүүхдийн эцэг эх
болж бүр нэмсээр. Хоёр тийш дуудлагандаа хурдалхад үрс нь сумын айлууд,
сайхан сэтгэлт хүмүүсийн дэмээр хоолтой ундтай, ирэхэд нь унтаж байна.
Шөнө дуудлагаас орж ирээд л сумын төвийнхөө айлуудаас хүүхдээ сураглана.
“Танай хүүхэд тэр хавьд л байгаа байх” гэсэн сургаар айлаас очиж авна.
Заримдаа цэцэрлэгийн багш нь аваад гэртээ харина, аль эсвэл гэрийнх нь
ойролцоо хөршүүд нь аваад хооллож ундлаад унтуулчихсан байна. Ингэж л
тэр энхийн манаанд нэгэн сэтгэлээр зүтгэж явжээ.
Аминд тулсан шийдвэр
Нэгэн удаа Ханатай хэмээх газраас алсын дуудлага ирэв. Ханатай баг,
сумын төвөөсөө нэлээд зайдуу. Очвол эх нь төрөхийн хүндрэлээс болж цус
алдчихсан байв. Аймаг, сумын эмнэлэг хол учраас энд нь арга хэмжээ
авахаас өөр арга Энхтайванд байсангүй. Ойр байсан эмнэлгийн байрыг
цэвэрлүүлж, зуух тавьж гал түлүүлээд эх үрийг аварч байсан тохиолдол бий
түүнд бий. Тухайн үеийн эмч бүр ийм байдалтай тулна. Ямар ч нөхцөлд
бэлэн л байх учиртай. Түүнд эргэж, буцах боломж үгүй. Гэхдээ тэр 30 жил
эмч хэмээх эрхэм алдрыг өргөж явахдаа мэргэжлээ өөрчлөх, энэ мэргэжлийг
сонгосондоо нэг ч удаа харамсаж байгаагүй гэдэг. Энэ нь л түүний
мэргэжилдээ хайртай, зүтгэлтэйн нэгээхэн илрэл буй за. Эх барихын эмч
ихээхэн онцлогтой. Бусад тасгийнхан эмч нар суугаад хөлийнхөө чилээг
гаргаж амсхийж байхад төрөхийн эмч нар зогсоогоороо бүтэн шөнийг
өнгөрөөнө. Сонин шүү. Ихэнх эх үүрээр төрнө. Цонхоор алтан нарны гэгээ
тусч, эх үрс эсэн мэнд амаржиж, эх барих эмч сандал дээрээ суун амсхийх
мэдрэмж үгээр хэлэхийн аргагүй. Баяр ёслолын өдөр, битүүний өдөр төрөх
тасгийнхаа арын ажлаа жин тан болгоод л гэртээ харина. Зарим тохиолдолд
хүмүүс баярлаж байхад төрөх тасгийнхаа өрөөнд эхийн баярт царай, үрийн
час хийх дууг сонсож зогсоно. Гэргий нь нэг мэргэжлийн болохоор ар гэрт
асуудал гарахгүй амьдралынхаа дийлэнх цагийг төрөх тасагтаа өнгөрүүлнэ.
Энэ нь түүний хоёр дахь гэр. Гэхдээ Энхтайван сайн аав, сайн хань. Энэ
завгүй он жилүүдэд гэртээ байх богинохон хугацаандаа халуун дулаан уур
амьсгалтай, гэргий, хүүхдүүдээ халамж, энэрэлээр дутаалгүй өсгөсөн.
Гурванбулаг суманд 5 жил ажилласны дараа аймгийн нэгдсэн эмнэлэгт
төрөхийн эмч дутагдалтай байсан учраас эргэн дуудав. Цэрэндорж эмч
тэтгэвэртээ гарах болсон учраас багшийнхаа халааг нь залгахаар Булган
аймгийг зорив. Түүнийг уул шиг түшигтэй сайхан хамт олон угтан авчээ.
Булган аймгийн нэгдсэн эмнэлэг нэлээд босго өндөртэй. Эрүүл мэндийн
системд ажиллаж байсан эх барихын эмч, гавьяат эмч Ц.Цэрэндорж, мэс
заслын эмч, гавьяат эмч Ж.Хишигсүрэн, үйлчлэгч С.Лхагважав нар өнгөлж,
оны шилдэг болж, улс даяар нэр нь дуурсаж байсан үе. Ингээд тэрээр эмч
Цэрэндоржид шавь орж, эх барих эмэгтэйчүүдийн эмчийн мэргэжил дээшлүүлэх
курсыг 6 сарын хугацаанд дүүргэж эмчээ, хүйн ээжээ гэж дуудуулах гэгээн
замаа нээсэн юм. Энэ үе бол эх барихын эмч нарын алтан үе. Энхтайван
энэ алтан гартай эмч нараар хичээл заалгаж, шавь орсондоо туйлын баяртай
явдаг ажээ.
Хүйн ээж
Тэрээр гэр бүлдээ сайн аав боловч олон хүүхдийн хүйн ээж. Сар шинийн
өглөө хүйн ээждээ золгох үрсийнх нь цуваа тасрахгүй. Арга ч үгүй биз
дээ. Бүхэл бүтэн гурван үеийг эх барьж тэдний баярыг нь хуваалцсан
болохоор алаг үрс нь энэ алтан мутартанд талархах учиртай. Хааяа үрс нь
хүйн ээжээсээ унасан газраа асуух нь элбэг. Түүнийг нь Энхтайван эмч нэг
санах хэмжээндээ хэлээд ч тус дэм болоод л явуулна. Энхтайван эмч
хүүхдүүдээ мөн л анагаахын талын хүмүүс болгожээ. Том охин Одмаа нь
анагаахын шинжлэх ухааны их сургууль төгсөөд одоо Халдвартын эмнэлгийн
элэг цөсний тасгийн эмчээр ажилладаг юм. Ээж нь олон жил дотрын эмч тэр
дундаа элэг цөсний эмч хийсэн учраас охин нь энэ мэргэжлийг нь өвлөн
авчээ. Хүү нь мөн л эмч. Анагаахын их сургуульд Биоанагаахын тэнхимд
багшилахын зэрэгцээ “Үүдэл эс, насжилт” сэдвээр саяхан докторын зэрэг
хамгаалсан нэгэн. Одоо Япон улсын хөрөнгө оруулалттай эмнэлэгийг үүсгэн
байгуулж үргүйдлийн эсрэг судалгаа шинжилгээ хийх, энэ чиглэлээр үйл
ажиллагаагаа явуулахаар ажиллаж байна. Бэр охин Алтанзул нь Засгийн
газрын тэтгэлэгт хамрагдаж, сэтгэцийн эрүүл мэндийн чиглэлээр докторын
зэрэг хамгаалахаар Голланд орныг зорьжээ. Энхтайван дөрвөн ач, зээтэй.
Хамгийн том зээ нь ирэх онд 12 дугаар ангиа төгсөж, хүссэн мэргэжлээ
эзэмшиж, амьдралын их далайд хөл тавина. Энхтайван насны нар хэвийж,
тэтгэвэртээ гарахыг хүсвэл аз зээ нараа тойруулаад тэднийнхээ инээр
хөөрт жаргаж суухыг хүсдэг. Энэ хүслээ хэдэн жилийн дараа биелүүлнэ
гэсэн шүү.
Хөдөлмөрөө үнэлүүлэхийн жаргал
Би энэхүү хөргийг тэрлэхээр өвлийн цагт түүнийг зорьсон юм. Цав
цагаахан цасан дээр холоос содон нил ногоон өнгөтэй байшин үзэгдэнэ.
Гаднаас нь харахад тийм ч өндөр биш хирнээ энэ байшингаас халуун дулаан
уур амьсгал, амар амгалан мэдрэгдэнэ. 1998 он. Энхтайван Булган аймагтаа
л анхны гэгдэх хувийн хэвшлийн хэвтэн эмчлүүлэх ортой эмнэлгийг
байгуулав. Тэр нутагтаа л зартай оточоос эмнэлгийнхээ нэрний тухай асуув
гэнэ. Тэрээр Манал бурханыхаа нэрээр нэрлэвэл зүгээр биш үү гэсэн
санааг хэлж. Ингээд Манал бурханы “Ман” үеийг нь авчихав. Ганц үг нэр
болохгүй учраас хоёр хүүхдийнхээ “Од” гэсэн үеийг авч нэмээд Ман-Од
болгон өгчээ. Хүмүүсийн сэтгэхүйд мөнгө төлж эмнэлгийн тусламж
үйлчилгээг авах тухай зүүдлээчгүй энэ үед хувийн эмнэлэг ажиллуулж мөнгө
олно гэдэг “хатуухан боорцог” байв. Нэгдсэн эмнэлэгтэйгээ нэг хашаанд
болохоор хээв нэг орж ирээд л “буу халж” байгаад л үзүүлчихээд гарах хүн
олон. Аливаа хөдөлмөр бүр үнэлгээтэй. Хувийн хэвшлийнхэн сард нэг удаа
өгдөг тогтмол цалингүй учраас нэг үйлчлүүлэгч бүрт онцгой анхаарч,
сэтгэлээсээ үйлчилдэг. Ингэсний дүнд хөнгөн шуурхай, чанартай, таатай
орчинтой, эелдэг хамт олныг зорин ирэх хүмүүсийн тоо энэ арав гаруй
жилийн хугацаанд чамгүй олон болжээ.
Амжилт бол тууштай хөдөлмөр
Монгол орон зах зээлийн системд шилжиж дэлгүүрийн лангуунд давснаас
өөр зүйлд үед Энхтайван Украйн улсад оюутан байж. Аймаг бүрт чиглэл
бүрээр одоогийн хэлдгээр клиникийн профессор бэлтгэж байсан томоохон
бодлогын үр шимийг тэрээр хүртжээ. ЗХУ-д анагаахын чиглэлээр зөвлөх
мэргэжилтэн бэлтгэдэг 7 том сургууль бий. Үүний нэг болох Украйны
Сапрочка хотод очиж Лудмали Василевна Кольмачук хэмээх мундаг багшаас 2
жилийн хугацаанд их зүйлийг сурсан гэдэг. Үүний л үр шимээр одоо Монгол
улс салбар бүрт “өнгөлөх” зөвлөх эмч нартай болсон билээ. Тэрээр
амжилтыг тууштай хөдөлмөр хэмээн үздэг. Амжилтанд хүрэхийн тулд хүн ямар
ч зүйлийг сэтгэлээсээ, тууштай, үнэнчээр хийж чадвал амьдрал аяндаа
тэгширдэг гэж тэрээр хүүрнэнэ. Ажил, мэргэжил, үйлдэл бүрт амжилт бий.
Удам дамжсан эмч нар
Энхтайван эмч хүүхдүүдийнхээ хүслийг дагажээ. Тэд бүгд эмч болохыг
хүсчээ. Бага хүү Одхүү нь 3 дугаар ангиас дэвшин суралцаж 5 дугаар ангид
орж, эгчтэйгээ нэг зэрэг 10 дугаар анги төгсчээ. Элсэлтийн шалгалт өгөх
болов. Хүсэхэд хясна гэгчээр Булган аймагт анагаахын дээд сургуулийн
дөрөвхөн хувиар ирэв. Гэхдээ нэг группт нэг айлын хоёр хүүхэд өрсөлдөж,
эхний хоёрт дарааллан жагсахад Булганыхан нэг ч хэл ам гаргаагүй гэдэг.
Мөн Энхтайван эмчийн хоёр хүүхэд анагаахын ангид өрсөлдөж байгаа
болохоор сонголтоо өөрчилж байсан сурагч ч бий. Үүнээс үзэхэд удам
дамжсан мэргэжилдээ тууштай хоёр эрхэм хүний хүүхдүүд ч жаргал, зовлон,
баяр гунигийг хамтдаа туулсан хэрэг. Энхтайван хүүхдүүддээ асар том өв
үлдээсэн. Тэрээр цагийн аясаар элэгдээд алга болох эд хөрөнгө бус оюун
ухаан, өөрийн үнэт мэргэжил, алтан туршлагаа өвлүүлсэн. Үүний үр дүн
эхнээсээ гарч хүү Одхүү нь Монголдоо анхныд тооцогдох үр шилжүүлэн
суулгах төвийг байгуулан тодорхой үр дүнд хүрч байна.
Амь дүйсэн амь
Түүний амьдралын дандаа гэгээн зүйлийг сэтгүүлч би дээр өгүүллээ.
Гэхдээ жаргал, зовлон ээлжилдэг хорвоод зовлон тэр дундаа түүнд хамгийн
сэтгэлийн хат шаардсан он жилүүдийг энд өгүүлэхээр шийдэв. 2005 онд
гэнэ. Түүний хайрт гэргий харвалт хэмээх айхтар өвчнөөр өвджээ. Нутагтаа
нэг их удаалгүй хөгжил бараадан Улаанбаатар хотод авч очсон боловч
тоног төхөөрөмж хангалтгүй учраас мэргэжлийн эмч нар гадаад оронд авч
явж эмчлүүлэхийг санал болгов. Ингээд хамгийн ойр газрын нь сонгон
эмчлүүлэхээр Хөх хотыг зорих болов. Нисэхийн өмнө нисэх буудал дээр
дахин харвалт өгчээ. Ингээд онгоцны буудлаас буцаж 20 гаруй хоног
сэхээний тасагт үхэлтэй тэмцэн байсан ч амьдрах хүсэлдээ хөтлөгдөн дахин
онгоцны буудлаа зорив. Өмнө нь хил гаалийн шалган хүлээлгэж, тодорхой
хэмжээнд чирэгдэл учруулж байсан бол энэ удаа дамнуургатай нь шууд
онгоцонд оруулж, хүрэх газар нь саадгүй буулгасан гэдэг. Хөх хотодод
Бээжингээс ирсэн эмч хүлээж байв. Хагалгаа ч маш хурдан эхэлж амжилттай
болж эмчилгээтэйгээ залгажээ. Тэд гэр бүлээрээ боломжийнхоо хирээр
зүтгэж, эрхэм хүнээ эрүүл болохын тулд, амьд үлдээхийн тулд мянга мянган
саадыг даван байж, амьдралдаа хурааж хуримтлуулсан хэдийгээ өгөн байж
авч үлджээ. Гэхдээ үүндээ тэд харамсаагүй, амин үрсдээ ээж нь эрхэм,
ачлалт нөхөртөө гэргий нь эрхэм хойно. Эрдэнэчимэг эгч одоо тэр айхтар
хүнд өвчин туссан шинжгүй өндөр өсгийт дээр тов тов тогшин алхана. Харин
энэ бүхний дараа Энхтайван эмчид биелүүлэхийг хичээх нэг хүсэл үлджээ.
Энэ бол гэргийтэйгээ адилхан энэ аюулт өвчнөөр шаналах мянга, мянган
өвчтөнүүдэд туслах харвалтын дараах нөхөн сэргээлтийн төвийг байгуулах
юм.
Жаргаах ину
Магадгүй л юм. Бусад гэр бүлүүдээс эмчийн гэр бүл арай өөр. Энхтайван
эмч, тэдний үрс хүүхэд байхаасаа л өвчтөний сэтгэл зүй, элдэв онош, эмч
хүнд тулгарч болох эрсдэл, баяр бахдал зэргийг сонсож, харж, зарим
тохиолдолд биеэр мэдэрч өссөн. Ер нь эмч гэдэг эрхэм алдар хэр баргийн
аавын хүүд олдох хатуухан боорцог биш юм. Цагаан, хээнцэр нөмрөгийн
цаана хүн л болсон хойно баярлаж, гуньж, шантарч, цөхөрч, харамсана. Энэ
бүхэнд алжаалгүй, зорилгоосоо няцалгүй, даруухан 30 жил хөдөлмөрлөсөн
түүний гавъяаг энд магтая. Эмч хэмээн өнгөлж үлдээсэн эрхэм алдрыг даах
хойч үеийнхэнээс тань, энэ хорвоод дуу хандаан ирж, хүн хэмээх эрхэм
алдрыг өргөж яваа мянга мянга үрсээс тань, ээжээ хэмээх гоёмсог нэрийг
эрхэмлэн нандигнах боломжийг олгосон түм түмэн ээжүүдийн өмнөөс таны
бүтээсэн гэгээн үйлс, ариун буяны төлөө сөгдөн мөргөе. Та даруухан
зүтгэсэн 30 жилдээ дандаа аз жаргалтай, гэгээн мөчүүдийн гэрч байсан юм
шүү.
Б.ДУЛАМСҮРЭН
No comments:
Post a Comment