Эрүүл мэндийн салбарын ажилчдын баярын мэндчилгээ

Эрүүл мэндийн салбарын ажилтны баярын өдрийг тохиолдуулан Монгол Улсын хүн амын эрүүл мэндийг хамгаалах нэн хариуцлагатай үйлсэд оюун ухаан, хүч хөдөлмөрөө зориулсан үе үеийн ахмадууд, одоо хүчин зүтгэж буй эрүүл мэндийн салбарын нийт ажилтан Та бүхэндээ баярын мэнд дэвшүүлье.
 
Монголын тулгар төрийн 2220, Их Монгол Улс байгуулагдсаны 805, Үндэсний эрх чөлөөний хөдөлгөөний 100, Ардын хувьсгалын түүхт 90 жилийн ойн жил Монгол Улсад орчин цагийн эрүүл мэндийн салбар үүсч хөгжсөний түүхт 90 жилийн ой тохиож, энэхүү ойн хүрээнд түүхэн хөгжлийн зурагт альбом, 9 боть цахим ном гаргах, баримтат кино бүтээх, эрдэм шинжилгээний хурал хийж үзэсгэлэн гаргах, эрүүл мэндийн салбарын түүхийг харуулсан музей байгуулах, эмч ажилтнуудын урлагийн нэгдсэн тоглолт хийх зэрэг олон чухал арга хэмжээнүүдийг зохион байгууллаа.
Өнөөдөр Монголын үндэсний олон нийтийн телевизийн уран бүтээлчид эмч, сувилагч, эрүүл мэндийн салбарынхны ажил амьдралыг харуулсан 60 ангит уран сайхны киног амжилттай бүтээж байна.

Эрүүл мэндийн салбарын хөдөлгөгч хүч болсон эмч, сувилагч, эрүүл мэндийн ажилтнуудыг бэлтгэх, чадавхжуулах, тэдний нийгмийн баталгааг хангах асуудал манай салбарын бодлогын гол цөм байсаар байна. Энэ оны 5 дугаар сард шинэчлэн батлагдсан Эрүүл мэндийн тухай хуульд эрүүл мэндийн талаарх төрийн бодлогыг хэрэгжүүлэх, иргэн эрүүл мэндээ хамгаалах, тусламж, үйлчилгээ авах эрхийг хангах талаар байгууллага, аж ахуйн нэгж, албан тушаалтан, иргэний гүйцэтгэх үүргийг нэмэгдүүлэх, эрүүл мэндийн тусламж үйлчилгээний тогтолцоо, санхүүжилтийг боловсронгуй болгох, эмнэлгийн байгууллагуудын бие даасан байдлыг хангах, эрүүл мэндийн ажилтны нийгмийн баталгааг сайжруулах асуудлаар зарчмын томоохон өөрчлөлтүүд орлоо.

Эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдэд орчин үеийн анагаах ухааны дэвшилтэт технологийг эзэмшүүлэх, хөгжингүй орнуудын анагаах ухааны хөгжлөөс суралцах боломжийг нэмэгдүүлж, ажиллах нөхцлийг сайжруулах чиглэлд зарцуулах санхүүжилтийг нэмэгдүүлж, олон улсын хамтын ажиллагааг ч өргөжүүлж байна. 2011 онд Клиникийн нэгдсэн I, III эмнэлэг, Хавдар судлалын үндэсний төв, Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төв, Геронтологийн төв, Нийслэлийн эх, хүүхдийн 300 ортой эрүүл мэндийн төв, 1,3 дугаар амаржих газар, таван аймгийн төвд 50 ортой төрөх, 30 ортой халдвартын эмнэлгүүд шинээр баригдаж байна. Түүнчлэн зээл, тусламжийн хөрөнгөөр Үндэсний оношлогооны төв, Хүүхдийн төрөлжсөн эмнэлгийг шинээр барих, улсын болон хувийн хэвшлийн бүх шатны эмнэлэг, төвүүдийг “Цахим эрүүл” мэнд хөтөлбөрт хамруулах ажлыг эхлүүлэх гэж байна. Эдгээр бүтээн байгуулалтын хүрээнд хүн амд үзүүлэх эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанарыг сайжруулах зорилгоор олон улсын оношлогоо, эмчилгээний стандартуудыг нэвтрүүлэх, эмнэлгийн тоног төхөөрөмж, техник хэрэгслийн хангамжийг нэмэгдүүлэх, эмч, сувилагч, эрүүл мэндийн ажилтнуудыг гадаадад давтан бэлтгэх талаар томоохон ажлуудыг эхлүүлээд байна.

Засгийн газраас эрүүл мэндийн салбарыг хөгжүүлэх чиглэлээр баримталж буй бодлого, шийдвэрийг хэрэгжүүлэх, хөрөнгө оруулалтын үр дүнг дээшлүүлэхэд энэ салбарт ажиллаж буй Та бидний манлайлагч байх чадвар, бүтээлч санаачлага, хичээл зүтгэл, сахилга хариуцлага, итгэл үнэмшил, мэдлэг, ур чадвараа тасралтгүй дээшлүүлэх хүсэл эрмэлзэл, үйлчлүүлэгчээ дээдэлж ёс зүйтэй байх соёл чухал гэдгийг онцлон тэмдэглэж байна. Бид санаачилж, бид үлгэрлэж, бид манлайлж, бид зүтгэж байж тавьсан зорилтоо амжилттай хэрэгжүүлж чадна. Үүний төлөө хүн бүр сэтгэл гаргаж ажиллацгаая.

Та бүхний маань есөн цагаан хүсэл сэтгэлчлэн бүтэх болтугай.

                                                                                           УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн,
                                                                                              Эрүүл мэндийн сайд, доктор, профессор



                                                                                            /С.Ламбаа/

Print Friendly and PDF

No comments:

Post a Comment