УИХ-ын гишүүн, Эрүүл мэндийн сайд С.Ламбааг “Ярилцах танхим”-даа урилаа.
-Уулзаж ярилцалгүй нэлээд удлаа. Хүн бүхэн л амраад ажилдаа орж байх шиг байна. Таны хувьд амарч чадсан уу?
-Засгийн газрын гишүүд өнгөрсөн сарын 1-ээс эхлэн хэд хоног амарсан. Миний хувьд, Австрали улс руу явах ажилтай байсан учраас 15-аас амрахаар болсон. Гэвч Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч, БНХАУ-ын байнгын хорооны гишүүний айлчлалын хүрээнд манай салбарын нэлээд асуудлыг хэлэлцэх байсан учраас амарч чадаагүй. Тийм боломж ч гарахгүй юм шиг байна. Амралтын өдрийг тааруулаад Архангай аймгийн Төвшрүүлэх, Цэнхэр, Булган, Чулуут, Цахир, Хангай, Тариат, Ихтамир, Эрдэнэбулган, Хотонт сумдад дөрөв хоног ажиллалаа.
-Орон нутгийн үйл ажиллагааны хувьд анхаарал татсан ямар асуудлууд байна вэ?
-Анхаарал татсан асуудал цөөнгүй байна. Юуны өмнө сумдын удирдлагуудын олонхи нь байхгүй, сум эзэнгүй шахам, ажил маш цалгар назгай байна. Мөн төсвийн хөрөнгөөр барьж байгаа барилгын явц удааширч, засварын ажлыг дэндүү чанаргүй хийж буйг харлаа. Тухайлбал, Цахир сумын эмнэлгийн дээврийг шинээр сольж, дотоод засвар хийсэн гэх боловч ашиглалтад аваагүй байхад нь дусаал гоожчихсон байна. Түүнчлэн 2009 онд 100 гаруй сая төгрөгөөр засварласан сургуулийн барилга хагараад хүүхэд дарж гэмтээж мэдэхээр болсон байна. Чулуутын сургуулийн уурын зуухыг өнгөрсөн онд шинээр барьсан гэх боловч нүүрс түлэх боломжгүй, хэчнээн машин мод түлээд ч сургуулиа халааж чадахааргүй зуух тавьчихсан байна. Ихтамир сумын сургуулийн дотуур байрны суурь тавигдаагүй байна.
Хотонтын эмнэлгийг бариад дуусчихсан мөртлөө хүлээн авах комиссын гишүүд амарсан учраас хүлээж байна. Ажил хариуцсан дарга нарын сахилга хариуцлага дэндүү сул байна. Зөвхөн манай салбарт л гэхэд Эрүүл мэндийн тухай хууль хэрэгжээд дөрвөн сар болж байхад хаягаа өөрчилсөн сум нэг ч алга. Зарим сумын эрхлэгч, эмч нар сайд нь эмнэлэг дээр нь ирчихээд байхад дарга нараараа дуудуулж байж гэрээсээ ирж байх жишээтэй. Зарим эрхлэгч, эмч нарын мэдлэг боловсрол, хариуцлагын талаар ч иргэд гомдоллож байна. Ийм ёс суртахуунгүй, хариуцлагагүй, сэтгэлгүй нөхөдтэй хатуу хариуцлага тооцохыг сумын удирдлагуудад үүрэг болголоо. Эдгээр асуудалд аймгийн удирдлагууд анхаарч ажиллах байх.
-Австралид та ямар ажлаар явсан юм бэ?
-Говийн бүсийн бүтээн байгуулалттай холбогдуулан энэ бүс нутагт амьдарч байгаа иргэдийн эрүүл мэндийн асуудал үнэхээр хүндрэлтэй байгаа. Тиймээс уул уурхайн салбарыг бүс нутгийн хэмжээнд хамгийн оновчтой хөгжүүлж чадсан Австрали улсад УИХ-ын гишүүд, яам, агентлаг, аймаг, сумын удирдлага, бүсийн зөвлөл, говийн бүсэд ажиллаж байгаа аж ахуйн нэгж, байгууллага, төрийн бус байгууллагуудын төлөөлөл оролцсон 25 хүний бүрэлдэхүүнтэй багийг Австралийн Засгийн газрын зардлаар 14 хоног явуулж, туршлага судлуулсан юм. Би Засгийн газраас багийн ахлагчаар нь томилогдсоны хувьд очиж холбогдох хүмүүстэй уулзан зарим хөтөлбөрт нь оролцсон. Энэ сарын сүүлчээр тус багийнхан Өмнөговь аймагт ажиллана. Тэгээд Засгийн газарт тодорхой асуудал оруулж шийдвэрлүүлэх юм.
-Эрүүл мэндийн салбар байнга л шүүмжлэлд өртдөг. Таны чихийг ч нэлээд халууцуулсан. Харин сүүлийн үед нэлээд чимээгүй болчихоо юу даа?
-”Түй, түй” гэдэг билүү. Нээрэн сүүлийн үед нэлээд тайвандуу ажиллаж байгаа юм байна. Гэхдээ бүх юм сайн сайхан болчихоод чимээгүй болчихсон хэрэг биш л дээ. Нэг үеэ бодвол Засгийн газрын мөрийн хөтөлбөрийн хүрээнд олон асуудлыг шийдэж, эрүүл мэндийн салбарын цогц шинэчлэлийн хүрээнд хийх ажлууд овоо урагштай явж байгаа болохоор хэн хүнгүй хүлээн зөвшөөрч, дэмжиж байгаагийн илэрхийлэл гэж ойлгож байна.
-Эрүүл мэнд, биеийн тамир спортын салбарын эрх зүйн шинэчлэлд бодитой алхмуудыг хийгээд байна. Энэ талаар тодорхой ямар бодлого баримталж байна вэ?
-Эрх зүйн хүрээнд олон асуудлыг шийдээд байна. Биеийн тамир спортын талаар төрөөс баримтлах бодлого, Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай болон Эрүүл мэндийн тухай хуулийн шинэчилсэн найруулага, Биеийн тамир, спортын тухай, Дархлаажуулалтын тухай, Засгийн газрын тусгай сангийн тухай, Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтэд хяналт тавих тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулиудыг УИХ-ын чуулганаар батлуулсан. Иргэний эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн шинэчилсэн найруулга, Тамхины тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг УИХ-аар хэлэлцүүлж байна. Донорын тухай, Сэтгэцийн эрүүл мэндийн тухай хуулиудад нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийг боловсрууллаа. Засгийн газрын тогтоолоор болон сайдын тушаалаар 30 гаруй стратеги төлөвлөгөө, хөтөлбөр баталж хэрэгжүүлж байна. Аймгуудын эрүүл мэндийн салбарыг 2010-2015 онд хөгжүүлэх дунд хугацааны стратегитай болголоо. Одоо нийслэлийн Эрүүл мэндийн газар, ЭМЯ-ны харьяа үндэсний төв, нэгдсэн эмнэлгүүдийн стратегийг батлах, шинэ хуулийн дагуу 60 гаруй дүрэм, журамд өөрчлөлт оруулахаар ажиллаж байна.
-Эрүүл мэндийн даатгал гэснээс “Эмнэлгийн удирдлагууд, эмч нар даатгалын мөнгийг идэж уусан” гээд бөөн дуулиан дэгдэж байсан. Энэ хэрэг юу болсон бэ?
-Үйлдвэрчний эвлэлийн байгууллага эмнэлгийн удирдлага, эмч нар өвчтөний хуурамч түүх бичиж, даатгалын мөнгөнөөс 20 тэрбум төгрөг идэж ашигласан тухай мэдээлэл шуугиан тарьсан. Олон үе шаттай шалгалтуудыг хийж, зарим эмнэлгийн удирдлагыг ажлаас нь түдгэлзүүлж хэрэг үүсгэн шалгаж байна. Заримынх нь хэргийг прокурорын байгууллага хэрэгсэхгүй болгосон. Шулуухан хэлэхэд, 10 гаруй шат дамжлагаар хянаад эцэст нь Төрийн сангаас зөвхөн дансаар шилжүүлж, эмнэлэгт очдог даатгалын мөнгийг нэг дарга, нэг эмч аваад халаасандаа хийчих боломж байхгүй. Харин орж ирсэн мөнгөөр тоног төхөөрөмж худалдаж авсан, эсвэл хана туургандаа будаг, шохой түрхсэн байхыг үгүйсгэхгүй. Энэ чинь нөгөө л хөрөнгө мөнгөний гачаалтай холбоотой шүү дээ. Одоогоор энэ хэргээр шорон гянданд орчихсон эмнэлгийн дарга, эмч нарын тухай мэдээлэл надад ирээгүй байна. Миний хувьд, өнгөрсөн хугацаанд даатгалын тогтолцоо, хөрөнгийн хуваарилалт ашиглалтын механизмыг боловсронгуй болгох зорилгоор эрүүл мэндийн даатгалын хүрээг өргөтгөх, “Хүний хөгжил сан”-аас 9.3 тэрбум төгрөг зарцуулж, бүх иргэнийг эрүүл мэндийн даатгалд хамруулах гээд олон чухал арга хэмжээг авч хэрэгжүүлсэн. Гэхдээ даатгалын мөнгийг хуваарилах, зарцуулах, хяналт тавих асуудал тогтолцооны хувьд болохгүй байгаа юм. Тийм учраас эрүүл мэндийн даатгалын тогтолцоог бие даалгахаар өргөн барьсан Иргэний эрүүл мэндийн даатгалын тухай хуульд тусгасан.
-Таныг сайдаар ажиллаж буй энэ үед эрүүл мэндийн салбарын бүтээн байгуулалтад тодорхой ахиц гарч байгаа талаар танай салбарынхан ам сайтай байсан. Гэхдээ эмнэлгийн тусламж үйлчилгээний чанарт ахиц гарахгүй байх шиг?
-Миний хичээл зүтгэл бий ч УИХ, хамтарсан Засгийн газрын үйл ажиллагааны үр дүн гэвэл оновчтой байх. Намайг сайд болоход төсөвтөө 200 гаруйхан тэрбум төгрөгтэй байсан бол өнөөдөр 300 гаруй тэрбум төгрөгт хүрсэн. Гэхдээ бодит тооцооллоор наад зах нь гурван жилд 500 орчим тэрбумыг зарцуулж байж эрүүл мэндийн салбар байшин барилга, тоног төхөөрөмж, боловсон хүчний хувьд олон улсын стандартад дөхөж очихоор байгаа юм. Манайхан эрүүл мэндийн салбарын төсөв өсөөд байхад эмнэлгийн тусламж үйлчилгээний чанар муу байна гэж шүүмжилдэг. Яг үнэнийг хэлэхэд эдийн засгийн хомсдлоос болоод эрүүл мэндийн салбарын хөрөнгө оруулалт царцанги байдалд орсон. Үнэхээр сэтгэлийн тэнхээтэй, мэргэжилдээ үнэнч, тангараг өргөсөн хэдэн эмч, сувилагч бор зүрхээрээ зүтгэж, тусламжийн нэртэй, тухайн оронд ашиглаж байсан тоног төхөөрөмж, хугацаа нь дуусах дөхсөн, эсвэл технологийн хоцрогдолд орсон эм эмнэлгийн хэрэгслээр энэ салбар олон жил амиа аргацаасан гэдгийг ойлгох хэрэгтэй. Миний бие сайдын албанд томилогдоод “Монгол эмнэлэг, монгол эмч, монгол хүн ийм үнэ цэнэгүй байж болохгүй” гэдгийг улстөрчдөд ойлгуулахын тулд 2009 оны төсвийг боловсруулахдаа зөвхөн тоног төхөөрөмжийн зардлыг 90 тэрбум төгрөгөөр төлөвлөж байсан удаатай. Дэлхийн шилдэг технологи, техник хэрэгслийг эмнэлгүүдэд нэвтрүүлье гэвэл ийм л хэмжээний хөрөнгө хэрэгтэй байгаа юм. Одоогоор 30, 40 жилийн настай, мөөгөнцөртчихсөн эмнэлгийн барилгууд нурахдаа тулж, зэвэрч цоорсон бохирын дэд бүтцүүд дэлбэрч, үүнээс болж эмнэлгийн дотоод халдвар ч гарч байна. Бодит байдлыг энэ цагийн төр засаг ойлгож, хөрөнгө оруулалтыг бага ч гэсэн нэмэгдүүлсний хүчинд бүтээн байгуулалтын олон ажил хийж байна. Бас гадаад харилцааг өргөжүүлснээр АНУ-ын Мянганы сорилтын сан, ДЭМБ, Азийн хөгжлийн банк, НҮБ-ын Хүүхдийн сан, “Дэлхийн зөн” олон улсын байгууллага, Япон, Өмнөд Солонгос, Хятад, Франц, Бельги, Герман, Люксембург, Итали зэрэг орны зээл, буцалтгүй тусламжаар бодитой хөрөнгө оруулалтууд нэмэгдсэн. Үүний үр дүнд 2013 оноос эрүүл мэндийн салбарын өнгө төрх өөрчлөгдөнө гэдэгт итгэлтэй байна. Өнөөдөр Монголын эдийн засаг өсөж байна. Тиймээс монголчуудаа эрүүл байлгахын тулд энэ салбарт мал, мах, сүү, ноос, ноолуур, утаа униарт өгч байгаа хэмжээний мөнгийг зоригтой гаргах хэрэгтэй. Эмч, сувилагчдынхаа мэргэжил, боловсролыг дээшлүүлж, цалин хөлсийг нь нэмэгдүүлэн тэднийг үнэ цэнэтэй болгох хэрэгтэй. Тэгж байж чанарын өөрчлөлт гарна.
-Утаа, хөрс, усны бохирдол гээд хүний эрүүл мэндийг сүйтгэж байгаа хүчин зүйл манайд их байгаа. Үүгээрээ ч танай салбар тун онцлогтой, хүнд үеийг даван гарч байгаа. Энэ онцлогийн талаар та юу хэлэх вэ?
-Маш чухал асуудал хөндлөө. Хотын утаа, хөрс, усны бохирдол, баталгаагүй хүнсний бүтээгдэхүүн, химийн элдэв хорт бодис, архи, тамхины хэрэглээ, иргэдийн амьдралын буруу хэв маяг нь хүн амын өвчлөлийг хэд дахин нэмэгдүүлж, эмнэлгийн ачааллыг үнэхээр ихэсгэж байна. Наад зах нь жилд 8000 гаруй хүн гепатитаар өвчилж, архи, хоолны хордлого, осол, гэмтлийн улмаас олон зуун хүн бөөн, бөөнөөрөө эмнэлэгт ирж, эрүүл мэндийн салбарыг эдийн засгийн хувьд сөхрүүлж байгаа. Ямар сайндаа Эрүүл мэндийн тухай хуульд хордлого, осол гэмтлийн улмаас эмнэлэгт ирсэн хүмүүст гарсан эмчилгээний зардлыг буруутай этгээдээр төлүүлж байх тухай заалт оруулж байх вэ дээ. Миний хийх гэж зүтгээд байгаа нэг зүйл бол орчны эрүүл мэндийн асуудал. Өнөөдөр нийт халдварт өвчний дотор 22 орчим хувийг гепатит өвчин, түүний дотор 87,7 хувийг А вируст гепатит буюу халдварт шар өвчин эзэлж байна. Өвчлөгсдийн зонхилох хувь нь 2-4 насны хүүхэд байна. Харамсалтай байгаа биз. Монголчууд энэ өвчнийг “бохирын өвчин” гэдэг. Гэтэл бодит байдал ямар байна вэ. Хүн ам төвлөрсөн хот, аймгийн төвүүд нь ил жорлонгоор дүүрэн. Түүгээр нь иргэд амьсгалж байна. Үер буухаар хамаг бохирыг нь сургууль, цэцэрлэг, орон сууцны орц, хонгил руу чихчихнэ. Гэр хорооллынхон хэдэн өдөр тэр бохир усан дотор амьдарна. Сургууль, цэцэрлэгийн нягтрал дэндүү их, ундны болон ахуйн зориулалттай цэвэр усны чанар, хүрэлцээ хангалтгүй. Ийм байхад маниас шалтгаалахгүйгээр халдварт өвчин гарна биз дээ. Би хотын эмнэлгүүдийн хортой хог хаягдлыг хашаандаа шатааж байсныг зогсоож, хог хаягдлын байгууламжийг хотын захад байгуулж ариутгаж устгадаг тогтолцоонд шилжүүлсэн. Одоо аймаг, сумын эрүүл мэндийн салбарт тоног төхөөрөмж нийлүүлж байна. Ийм тогтолцоог бүх салбарт, үйлдвэр, аж ахуйн газруудад нэвтрүүлэх хэрэгтэй.
-Одоо бүр хаягдлыг Монголд булж, хүний эрүүл мэндээр тоглох гэж байгаа юм биш үү?
-Цөмийн хаягдлыг Монголд булах тухайд хэвлэлээр багагүй шуугиж байна. Монголд нэгэнт уран байгаа, ашиглах тухай ярьж байгаа болохоор хог хаягдлын талаар энд, тэнд яриа өрнүүлсэн байхыг үгүйсгэхгүй. Гэхдээ Монголд аюултай хог хаягдлыг булшлах ямар ч боломж байхгүй. Манай зарим гишүүн хориглох тухай хууль гаргана гээд яриад байх юм. Угаасаа Аюултай хог хаягдлын импорт, хил дамжуулан тээвэрлэхийг хориглох, экспортлох тухай хуулийн 4.1,4.2-д, Цөмийн зэвсгээс ангид байх тухай” хуулийн 4.1.4-д “Аюултай хог хаягдлыг ашиглах, хадгалах, түр байршуулах, устгах зорилгоор Монгол Улсад импортоор оруулах, хилээр дамжуулан тээвэрлэхийг хориглоно”, “Цөмийн зэвсгийн гаралтай тусгай ангиллын цацраг идэвхт материал, шаар болон аюултай хог хаягдлыг булшлах буюу устгахыг хориглоно” гээд цагаан дээр хараар биччихсэн байгаа шүү дээ. Бас Цөмийн энергийн тухай хуулийн 42 дугаар зүйлд цөмийн болон цацраг идэвхт материалыг хаягдал болгох, устгах, булшлахад тавих үндсэн шаардлагыг тов тодорхой заасан байгаа. Тийм учраас би энэ тал дээр огт санаа зовохгүй байна.
-Ажлын талаар ярилцахаас гадна туршлагатай, хат суусан улстөрчийн тань хувьд хэдэн асуулт тавьж, байр суурийг чинь сонсмоор байна. Зарим хүн “АН-ын зургаан сайд МАН-д хөөгдөж туугдахаасаа өмнө айлын хашаанаас гарвал таарна” гэцгээж байна. Та ийм үг сонсоод юу гэж боддог вэ?
-Би “Ардын намын хашаанд биш, Монгол төрийн тэргүүн саналаа өгч, төрийн эрх барих дээд байгууллага Монгол Улсын Их Хурлын гишүүд шүүн тунгааж, санал хурааж бүрдүүлсэн хамтарсан Засгийн газрын танхимд сууж, төр түмнийхээ төлөө зүтгэж байна” гэж боддог. Бодох ч биш, болохоос нь болохгүйг хүртэл хийхийн төлөө зүтгэж байна.
-Танай намын зарим гишүүн “Одоо Ардчилсан нам байрандаа ирж, сөрөг хүчин болж ажиллах хэрэгтэй” гэдэг. Олон жил сөрөг хүчний суудалд буй таны хувьд энэ талаар ямар байр суурьтай байдаг вэ?
-Манай намын байх ёстой байр нь сөрөг хүчний орон зай гэж хэлэх нь дэндүү гэнэн бодсоных. Улстөрч хүний амнаас гарч байгаа үг бүхэн үнэ цэнэтэй. Тэр тусмаа ард түмэнд хүлээн зөвшөөрөгдөж, дангаараа болон хамтарч төр барилцаж байгаа Ардчилсан намд харьяалалтай улстөрчийн амнаас унадаг үг бүр ч биш. Би хувьдаа Ардчилсан нам мөнхийн сөрөг хүчний байран дээр байх ёстой гэж бодохгүй байна. Өнөөдөр Ардчилсан нам Засгийн газраас өөрийн санаачилгаар гарч, сөрөг хүчин болсноо зарлаж, том дуугараад амжилтад хүрнэ гэхэд итгэхгүй байна. Харин ч нэр хүндээ алдаж мэднэ. Дотоод эв нэгдлийг эрхэмлэж, ард түмнийхээ эрх ашгийн төлөө хийж бүтээсэнээ тайлагнаж, өнөө маргаашаа бус ирээдүйгээ харж ард түмнээрээ хэлэлцүүлж байгаа “Монгол хүн-2020” хөтөлбөрөө танилцуулаад сонгуульд өрсөлдвөл арай дээр болов уу гэж боддог. Мэдээж Ардын нам нэгэнт олонхороо шийдээд дангаараа Засгийн газраа байгуулна гэвэл бид “Үгүй” гээд зүтгээд байх шаардлага огт байхгүй.
-“Хамтарсан Засгийн газар байгууллаа гээд ямар үр дүн гарсан юм бэ. Хэдэн сайд нар түрийвчээ зузааллаа” гэхчлэн шүүмжилж байна. Та үүнтэй санал нийлэх үү?
-Хэрэв хамтарсан Засгийн газар байгуулаагүй бол эдийн засгийн ийм том өөрчлөлтүүд хийж чадах байсан гэдэгт би огт итгэхгүй байна. Нөгөө л хэрүүл тэмцлээ хийгээд дуусах байсан байх. Бид Засгийн газарт том сөрөг хүчин болж, бие биедээ хатуу хяналттай хамтарч ажиллаж байгаа юм шүү дээ. Асуудал бүхнийг танхимын зарчмаар хэлэлцэн шийдвэрлэж байгаа болохоор харилцан мэтгэлцэж, сайдаж, муудаж, бие биедээ хатуу хөтүү үг чулуудах үе зөндөө л байдаг юм. Гэхдээ хоёр том улс төрийн хүчин хамтарч ажилласны хүчинд хэдэн жил шийдэж чадаагүй олон асуудлыг хөдөлгөөнд оруулж чадсан. Эрүүл мэндийн салбарт 2004-2008 онд зургаан сайд солигдсон. Үүний үр дүн гэвэл энэ салбарынхан ямар ч итгэл үнэмшилгүй, урам зориггүй үүрэн дээрээ бужигнаж байгаа шоргоолж шиг л болчихсон байсан шүү дээ. Одоо бол өөр болсон. Энэ бол улс төрийн тогтвортой байдлын үр дүн. Ийм үед энэ Засгийн газарт орж ажилласандаа үнэхээр сэтгэл өег байгаа. Сайд нар түрийвчээ түнтийлгэж байгаа тухай мэдээлэл голдуу өмнө нь засагт ажиллаж байсан зарим хүний амнаас гарсан байдаг юм. Өөрсдөө түрүүвчээ түнтийлгэж байсан болоод л хардаад байгаа юм болов уу. Би л хувьдаа энэ засагт хоёргүй сэтгэлээр ажиллаж байна. Тэр Оюутолгой, Тавантолгой зэргээс нь таны хувь гээд авчраад өгчихсөн юм алга.
-Ажиглаад байхад ирэх сонгууль хуучин хуулиараа явах нь ээ дээ?
-Ардчилсан нам аль болох холимог хувилбарыг дэмжиж, анхныхаа саналаас арга буюу ухарч 38:38 гэсэн хувилбарыг дэвшүүлсэн. Ямар ч тохиолдолд ирэх сонгуулийг одоогийн хуулиар явуулж болохгүй. Уг нь энэ зарчмаа улс төрийн намууд зөвшилцөөд тохирчихсон юм шүү дээ. Пропорциональ тогтолцоог оруулснаар наад зах нь гадаадад байгаа иргэд санал өгөх боломж бүрдэнэ. Бас эмэгтэйчүүдийн квотыг авч үзэхэд дөхөм болно. Давуу тал олон байгаа. Тийм учраас намрын чуулганаар шийдэх байх гэж найдаж байна.
-Таныг саяхан нэг тэрбум төгрөгөөр тойргоо худалдсан тухай мэдээлэл гарсан байсан?
-Тийм үү, инээдэмтэй юм. Хэн нэгэн горилогч, миний нэр хүндийг унагах гэсэн зорилгоор ийм мэдээлэл өгсөн байх. Одоо ч улс төрөөр хийрхэгчид олширчихсон болохоор сонин хэвлэлд юу ч гарч мэднэ. Намайг аливаа зүйлийг мөнгөөр хэмждэг луйварчин биш гэдгийг сонгогчид төдийгүй ард түмэн мэдэх болохоор санаа зовох юм алга.
-МАН, МАХН гээд л одоо бүр “Хамуг Монгол” эвслийн дэргэдэх Хөдөлмөрийн нам ч гэх шиг “ах” нам их л задарч бутарч байх шиг. Энэ нь танай намд ашигтай биз дээ?
-Ашиг хонжоо гэхчлэн элдвийн юм хэлээд яах вэ. Үнэнийг хэлэхэд, “ах” нам манай намын өнгөрсөн 20 жилд туулж ирсэн зовлон бэрхшээлийг л амсаж байна. Энэ бүхнийг хараад ийм зовлон бэрхшээлийг даван туулж, монгол түмэндээ төдийгүй 90 жилийн түүхтэй “ах” намд хүлээн зөвшөөрөгдөж чадсан Ардчилсан намаараа, энэ намын төлөө 20 гаруй жил сэтгэл зүрхээрээ зүтгэж ирсэн гишүүд, дэмжигчдээрээ, ардчиллын уухайг алгаа дэлгэн хурайлж авсан ард түмнээрээ л бахархаж байна.
-Ярилцсанд баярлалаа.
Эх сурвалж: Улс төрийн тойм сонин
No comments:
Post a Comment