Эрхэм зочид төлөөлөгчдөө
Эрхэм эрүүл мэндийн салбарын үе үеийн удирдлага, эрдэмтэн мэргэд, эмч
сувилагч, асрагч, эрүүлийг хамгаалахын ажилтан, албан хаагчид та бүхэнд Монгол улсад эрүүл мэндийн салбар үүсч хөгжсөний 90 жилийн баярын
МЭНДЧИЛГЭЭ дэвшүүлж, эрүүл энх, аз
жаргал, хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн
ерөөе !
Хүүхэд хөгшидгүй халдварт өвчин эмгэгт нэрвэгдэж 620 гаруй мянган хүн амтай, дундаж наслалт 40 гаруйхнаар хэмжигдэж байсан Монгол улсад 1921 оны наймдугаар сарын 15 –нд их жанжин Д.Сүхбаатарын шийдвэрээр цэрэг ард иргэдэд үнэ төлбөргүй тусламж үзүүлэх “Өвчтэй хүмүүсийг эмчлэх хороо” байгуулж байсан тэр цаг үеэс тоолбол Монгол улсын эрүүл мэндийн салбар 90 насыг наслаад байна.
Түүхийн аливаа нугачаа бүрт өөрийн ариун үүргийг ухамсарлаж Булган нутгийнхаа иргэдийн эрүүл энхийн төлөө цаг нарыг умартан, нойр хоолгүй зүтгэсэн эрүүл мэндийн салбарын үе үеийн удирдлагууд, эмч сувилагч, асрагч, эрүүлийг хамгаалахын ажилтан, албан хаагчид та бүхэндээ Монгол улсад Эрүүл мэндийн салбар үүсч хөгжсөний 90 жилийн ойн баярын МЭНДЧИЛГЭЭ дэвшүүлж, эрүүл энх, аз жаргал, хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе !
Өнгөрсөн 90 жилийн хугацаанд анхдагчдын өлгий хангай сайхан нутгаас минь энэ салбарт олон алдартан гавьяатан төрөн гарсныг цохон тэмдэглэхэд Ардын эмч Р.Пүрэв, Ж.Баасанхүү, Төрийн шагналт Р.Лхагвасүрэн, Гавьяат багш Б.Шижирбаатар, Эрүүлийг хамгаалахын гавьяат ажилтан Ц.Лхагвасүрэн, Гавьяат эмч Д.Малчинхүү, Д.Авирмэд, Ц.Цэрэндорж, Л.Нарантуяа, Д.Лхагвасүрэн, Ж.Хишигсүрэн, Б.Банзрагч, Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонт С.Пүрэвжав, Алтан гадас одонт А.Морхо, Ж.Баяраа, Н.Намжилмаа, Б.Мягмар, Т.Жүгдэрнамжил, Х.Чанцалдулам Д.Отгон нарын зэрэг алдартнуудаараа бид бахархаж байна
1929 оны эхээр Ардын Засгийн газрын шийдвэрээр Богд хан аймаг Дайчин вангийн хошуу Вангийн хүрээнд бага эмч С.Сэржмядаг хүрэлцэн ирж, хуучин жижиг байшинд сестра Долгор, цэвэрлэгч Дулмаа, галч-аж ахуйн эрхлэгч хятад иргэн Шушмаа нарын 4 орон тоотойгоор анхны хүн эмнэлэг гал голомтоо асааснаар Булган аймгийн эрүүл мэндийн байгууллагын түүх эхэлсэн байдаг.
Тэр оныхоо намар С.Сэржмядаг эмч, өөр газар Ардын засгийн газрын шийдвэрээр шинэ эмнэлэг байгуулахаар томилогдож, орос эмч /бага/ Ф.Ф.Колосовская ирж орчуулагчаар нутгийн буриад хөвүүн Б.Шагж ажиллаж байв. Энэ үед орос эмчид үзүүлэх хүн цөөхөн, гэрийн дуудлага ховор байж, орос эмч маань орчуулагчийнхаа хамт цөөхөн эм тариагаа бариад өрх гэрээр нь явж, европ эмнэлгийн тусламж үйлчилгээг үзүүлж байжээ.
1931-1934 онуудад хүн эмнэлгийн салбарт А.М.Рыбаков, Л.А.Беновский, А.И.Вороновно нар гэргийн хамт И.Д.Кресмар, Г.Д.Массарский зэрэг 11 орос их, бага эмч нар ажиллаж, орчуулагчаар Б.Шагж байсан ба аймгийн эрүүл мэндийн салбарт 23 жил ажилласан гэж түүхэнд тэмдэглэгдсэн байна.
1932-1937 онуудад Бүрэгхангай, Хутаг-Өндөр, Баян-Агт, Хишиг-Өндөр сумдад эмнэлгийн алба, сувилагчийн салбар зэрэг нэртэй анхны эмнэлэг салбар байгуулагдаж, доктор, санитар, сестра гэж алдаршсан “Ганган” Н.Дагва, Б.Дулам, буриад бага эмч Лхамсүрэн, Лхагва/бага эмч/, Лхагва/сувилагч/, Содномдорж, Пунцаг-Осор, Пүрэв зэрэг хүмүүсийг тухай үеийн Ардын засаг, Аймгийн Яам, эмнэлгийн хэлтсийн шийдвэрээр эмнэлгийн анхан шатны мэдэгдэхүүн олгон, эмнэлгийн салбаруудад ажиллуулж байсан төдийгүй ард түмний дунд алдаршсан илээч, бариач, маарамба зэрэг уламжлалт анагаах ухааны эмчилгээний арга эзэмшсэн хүмүүсийг зарим эмнэлгийн салбарт ажиллуулж байжээ.
Ардын Сайд нарын Зөвлөлийн Ерөнхий сайд А.Амарын 1937 оны 12 сарын 27-ны 241 дүгээр тушаалаар Сэлэнгэ, Төв, Хөвсгөл, Архангай аймгаас зарим сумдыг таслан, 15 сум, 128 баг, 10360 өрх, 43500 хүн амтай 1.1 сая малтай, 42250 ам.км нутагтай Булган аймгийг байгуулсан байна.
1938 онд Булган аймгийн Яамны дэргэд Эмнэлгийн хэлтэс байгуулагдаж анхны даргаар Жумдааны Бат-Эрдэнэ, ня-бо-гоор Данзангийн Лувсандорж нар ажиллаж байжээ.
1938-1940 онд Я.Доржнямбуу, Г.Магван, Ж.Жигжид, Ч.Моломжамц, А.Морхо, И.Дугарсүрэн, Б.Базар, Л.Гэлэгжамц, П.Лхагва, Д.Найданхүү, Цэдэв нар төв, хөдөөд бага эмчийн салбаруудыг үүсгэн байгуулсан анхны эмнэлгийн боловсон хүчин гэж ЭМБ-ын түүхэнд тэмдэглэгдсэн байдаг.
Аймгийн эмнэлгийн хэлтсээс 1938-1940 онуудад хүн.
Эмнэлгийн боловсон хүчнээ бэлтгэхийн тулд Улаанбаатарт сестрагийн З сарын курст Б.Батаа, Авгаанзундуй, Лувсан нарын 11 хүн явуулж, аймагтаа түр курсээр 20 гаруй сувилагч бэлтгэж бага эмчийн салбараа үндэсний боловсон хүчнээр хангаж эхэлсэн билээ.
Ардын хувьсгалт намын Төв хорооны тэргүүлэгчид, Ардын СнЗ-ийн 1938 оны 6 сарын 22-ны өдрийн хамтарсан хурлаар Эрүүлийг хамгаалах байгууллагуудын ажлыг сайжруулах тухай хэлэлцээд гаргасан тогтоолын дагуу 1939 оны 6-р сарын сүүлчээр 4 орон тоотой анхны эмийн сан байгуулагдсан түүхтэй ч тэрнээс өмнө 1929-1939 оны хооронд анхны бага эмч, сестра, санитар нар маань шар даавуун цүнх, эмчийн ширэн богцондоо эмээ дүүргээд ард иргэдээ эмээр үйлчилж байсныг ахмад бага эмч нарын дурсамж ярианаас түүхэнд тэмдэглэгдсэн байдаг.
1999 онд Засгийн Газрын 193 –р тогтоол, ЭМСайдын 187-р тушаалаар Булган аймгийн Эрүүл Мэндийн Газрыг байгуулж, сумдын эмнэлгүүдийг сумын Хүн эмнэлэг нэртэй болгож үйл ажиллагаагаа өнөөдрийг хүртэл явуулж байна.
Эрүүл мэндийн газар өнөөдөр
Булган аймгийн эрүүл мэндийн салбарт их эмч-102, эм зүйч-7, эм найруулагч -21, Эмнэлгийн дунд мэргэжилтэн 351, бусад 303 ажилтан нийт 784 эмч, эмнэлгийн ажиллагсад аймгийн хэмжээний 58300 хүн амд нийгмийн эрүүл мэндийн болон эмнэлгийн тусламж үйлчилгээг үзүүлж байна.
Алсын хараа, Эрхэм зорилго
Мэргэжлийн өндөр ур чадвар, ёс зүйн тэгш төлөвшилтэй, хөрвөх чадвар бүхий мэргэшсэн албан хаагчдаар байгууллагыг бэхжүүлж, Нийгмийн Эрүүл мэндийн талаар төрөөс баримтлах бодлогыг түлхүү хөгжүүлэн, үйл ажиллагааны оновчтой менежментийг хэрэгжүүлж, төрийн албаны үлгэр жишээ загвар байгууллага болохоор алсын хараагаа тодорхойлж, Эрүүл мэндийн шинэлэг хандлагыг төлөвшүүлэн, “Эрхэм баян –Эрүүл”- мэндийг иргэн бүрт хүргэхийн төлөө нэгдсэн ажиллаж байна.
Эрүүл мэндийн салбарын бүтэц зохион байгуулалт
Аймгийн хэмжээнд эрүүл мэндийн салбарт ЭМГ, аймгийн Нэгдсэн эмнэлэг 1, Сум дундын эмнэлэг 2, сумын эмнэлэг 14, Өрхийн эмнэлэг 3, багийн эмнэлэг 5, Хувийн хэвшлийн ортой эмнэлэг 4, Эм ханган нийлүүлэх байгууллага 3, Эргэлтийн эмийн сан 15, Хувийн хэвшлийн эмийн сан 4, Магадлан итгэмжлэгдсэн 26 байгууллага нийт 51 байгууллага ажилладаг.
Эрүүл мэндийн газар нь Эдийн засаг, удирдлага мэдээллийн хэлтэс, Нийгмийн эрүүл мэндийн хэлтэс, Эмнэлгийн тусламжийн хэлтэс, Үйлчилгээний алба гэсэн 3 хэлтэс 1 албатайгаар 40 орон тоотойгоор үйл ажиллагаагаа явуулж байна.
БУЛГАН АЙМГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАРЫН ОЛОЛТ АМЖИЛТ /2010-2011 он/
- 2010 онд салбарын хэмжээнд эхийн эндэгдэлгүй ажиллаж ЭМЯ-ны хүндэт өргөмжлөлөөр шагнууллаа.
- 2010 оныг НЭМ-ийг дэмжих жил болгон зарлаж улсын хэмжээнд загвар болж чадлаа
- Эрүүл мэндийн газрын дунд хугацааны стратеги төлөвлөгөө /2010-2021/ батлагдлаа.
- 2010 оны 08 сараас www.emgbulgan.blogspot.com Мэдээллийн сайтыг ажиллуулж иргэд олон нийтэд нээлттэй ил тод ажиллаж байна.
- Улсын аварга шалгаруулах “СУВИЛАГЧДЫН АЖИЛ МЭРГЭЖЛИЙН УРАЛДААН”-нд АНЭ-ийн “ЦОГЛОГ” баг тэргүүллээ.
- Булган аймагт 2012 онд улсын төсвөөр хийгдэх олон бүтээн байгуулалтын ажил хийхээр боллоо. Үүнд Аймгийн нэгдсэн эмнэлгийн 50 ортой төрөх эмнэлгийн байр, Хутаг-Өндөр сумын сум дундын эмнэлгийн Амбулаторын байрны эх засварын ажлыг дурьдаж болно.
- Гадаад харилцаа хамтын ажиллагаа бүх түвшинд дээшиллээ. Үүний нэг тод жишээ нь Эх нялхсын төлөө-иргэдийн оролцоотой эрүүл хот бүтээх төсөл амжилттай хэрэгжиж, дараагийн шатанд шилжиж Булган сумын бүх багт хэрэгжихээр боллоо.
- Монголын мянган сорилтын сангийн Эрүүл мэндийн төсөл амжилттай хэрэгжиж байна.
Эрт эдүгээг холбосон түүхийн энэхэн нугачаанд, он цаг ололт амжилтыг өртөөлөн буухиалуулсан эрүүл мэндийн салбарынхны АЛДАР ГАВЬЯА, АМЖИЛТ БҮТЭЭЛ энэ цагт үргэлжлэн байгаагаа бахархан танилцууллаа.
Та бүхэндээ сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.
Бусдын төлөө хийсэн
Буянтай үйлс тань
Буцаад таньд ирэх болтугай
АНХААРАЛ ТАВЬСАН ТА БҮХЭНД БАЯРЛАЛАА
No comments:
Post a Comment