“Уушигны хатгалгаатай тэмцэх дэлхийн өдөр" боллоо


“Уушигны хатгалгаатай тэмцэх дэлхийн өдөр”-ийг тохиолдуулан Эрүүл Мэндийн дэд сайд Ж.ЦОЛМОН хэвлэлийн бага хурал  зарлаж мэдээлэл хийлээ.Хэвлэлийн бага хуралд “Улаанбаатар хотын 5 хүртлэх насны хүүхдийн дундах Пневмококкт халдварын тандалт судалгаа” төслийн  зохицуулагч ХӨСҮТ ийн албаны дарга Анагаах ухааны  доктор М.Алтанхүү, ЭХЭМҮТ-ийн Хүүхдийн Клиникийн захирал  Анагаах ухааны доктор  Б.Баясгалантай, Монголд дахь ДЭМБ-ын Суурин төлөөлөгчийн Газрын ажилтан Д.Содбаяр болон хэвлэл мэдээлэлийн ажилтанууд, албаны бусад хүмүүс оролцлоо.

Уушигны хатгалгаа буюу  уушигны үрэвсэл нь дэлхий дахинд  тав хүртлэх насны хүүхдийн өвчлөл  нас баралтын голлох шалтгаануудын нэг болж байдаг ба жил бүр 1,4-2 сая хүүхэд уг өвчний улмаас эндэж байгаа нь ДОХ, хумхаа, улаан бурханы улмаас нас барж буй нийт хүүхдийн тооноос давж байгаа юм. Өөрөөр хэлбэл уушигны хатгалгааны улмаас өдөрт 5500 хүүхэд буюу 15-20 секунд тутамд 1 хүүхэд эндэж байна гэсэн тооцоог ДЭМБ болон АНУ-ын Жон Хопкинс Блюмберг НЭМ-ийн сургуулийн Вакцины нэвтрүүлэх олон улсын төслөөс тооцжээ. Манай улсын хувьд ч мөн амьсгалын тогтолцооны өвчний  шалтгаант нас баралт нь 0-1 хүртлэх насны хүүхдийн эндэгдэлийн дотор  төрөх тойрны эмгэгийн дараа 2 дугаар байранд, 1-4 насны хүүхдийн хувьд эндэгдэлийн эхний байрыг  эзэлж байна. Өөрөөр хэлбэл 5 хүртлэх насны хүүхдийн эндэгдэлийн 20 хувь буюу нас барсан 5 хүүхэд тутмын 1 нь хатгалгаа өвчний хүндрэлээр нас барж байна.  Уушигны хатгалгааг нян, вирүс, мөөгөнцөр зэрэг олон бичил биетэнүүд үүсгэдэгийн дотор Пневмококк нянгаар үүсгэгдсэн уушигны хатгалгаа хүүхдийн уушигны хатгалгааны 30-50 орчим хувийг эзэлдэг. Пневмококкын эсрэг хэд хэдэн төрлийн вакциныг эрдэмтэд бүтээсэн ба одоо дэлхийн 23 орон дархлаажуулалтандаа нэвтрүүлж олон сая хүүхдийг өвчлөл нас баралтаас сэргийлж байна.

Түүнчлэн 30 аад төрлийн үүсгэгчтэй, олон төрөл /халдвартай, халдваргүй г.м/-ийн  уушигны хатгалгаанаас бүрэн сэргийлье гэвэл вакцинаас гадна энгийн үр дүнтэй сэргийлэх болон оношлож эмчлэх аргуудыг хэрэгжүүлэх нь ялангуяа пневмококкоос бусад шалтгаант хатгалгаанаас сэргийлэх боломжтой. Үүнд: хүүхдийг хоол тэжээлийн дутагдалд оруулахгүй байх, хөхөөр хооллох, эцэг эх нь тамхи татахгүй байх ялангуяа тасалгааны агаарын бохирдолгүй байх, уушигны хатгалгаа өвчтөй хүнтэй ойр хавьтахгүй байх зэрэг хүн амын эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх мөн хэрэв өвчилвөл цаг алдалгүй оновчтой эмчлэх  зэрэг иж бүрэн сэргийлэлтийн арга хэмжээг вакцинтай хослуулан авч хэрэгжүүлвэл жил бүр 1 сая хүүхдийн амь насыг аварч чадна гэж эрдэмтэд тооцсон байдаг. Иймд энэ ажилд эрүүл мэндийн ажилтануудаас гадна эцэг эх, сурган хүмүүжүүлэгчид, хэвлэл мэдээлийнхэн, шийдвэр гаргагчид зэрэг бүхий л хувь хүмүүс нийгэм хамт олон  анхаарал хандуулж  баймааж нь сая үр дүнд хүрнэ гэж Эрүүл мэндийн дэд сайд анагаах ухааны доктор, хадагтай Ж.Цолмон мэдэгдлээ.
Монгол улсад пневмококын вакцин нэвтрүүлэх чиглэлээр ХӨСҮТ толгойлон ажиллаж  ЭХЭМҮТ, Улаанбаатар хотын 4 дүүргийн хүүхдийн эмнэлгүүдийг хамруулсан тандалт судалгааг ДЭМБ ийн дэмжлэгтэйгээр явуулж байна.
Дэлхийн 100 гаруй орон нэгдсэн “Уушигны хатгалгаатай тэмцэх дэлхийн холбоо” ноос санаачлан 2009 оноос эхлэн жил бүрийн 11 дүгээр сарын 12 ныг “Уушигны хатгалгаатай тэмцэх дэлхийн өдөр” болгон тэмдэглэж эхлээд байна. Манай улсын хувьд 2010 онд анх удаа ЭХЭМҮТ, ХӨСҮТ  хамтран ДЭМБ-ын Монгол дахь Суурин төлөөлөгчийн газрын дэмжлэгтэйгээр “Уушигны хатгалгаанаас сэргийлье!” уриан дор тэмдэглэсэн бол энэ жил “Уушигны хатгалгаагаар хүүхдүүдээ өвчлүүлэхгүй байя” уриатайгаар тэмдэглэж байна.
Энэ ажлын хүрээнд уушигны нарийн мэргэжлийн хүүхдийн эмч нар нийслэлийн 9 дүүргийн Эрүүл Мэндийн Нэгдэлүүдэд урьдчилан сэргийлэх үзлэгийг сүүлийн 2 Бямба гаригт зохион байгуулж, нийтдээ 1367 хүүхдийг эмчийн үзлэгт хамруулан, 132 хүүхдэд шинжилгээ хийн, 27 хүүхдийг эмнэлэгт яаралтай хэвтүүлэн эмчилж, 1465 хүнд зөвлөгөө өглөө.
Бид ирээдүйгээ аз жаргалтай цогцлуулая гэвэл үр хүүхдээ эрүүл өсгөн бойжуулах ёстой, Эрүүл саруул ирээдүйгээ бэлтгэсэнээр улс орныхоо тогтвортой хөгжлийг хангах болно.

Print Friendly and PDF

No comments:

Post a Comment