2011 оны 11-р сарын 24,25-ны өдрүүдэд Сонгино дахь “Монголика”
амралтын газар “ЭРҮҮЛ МЭНДИЙГ ДЭМЖИГЧ БАЙГУУЛЛАГУУДЫН ҮНДЭСНИЙ СҮЛЖЭЭ
БАЙГУУЛЖ, БЭХЖҮҮЛЭХ ЗАМААР АЖЛЫН БАЙРАНД ЭРҮҮЛ МЭНДИЙГ ДЭМЖИХ НЬ”
Стратеги төлөвлөлтийн семинарыг Монголын Мянганы сорилтын сан
(ММСС)-гийн Эрүүл мэндийн төслийн зөвлөх байгууллага “Epos Health
Management” зохион байгуулсан юм.
ММСС-гийн Эрүүл мэндийн төсөл олон улсын болон үндэсний шилдэг
туршлага, ололт амжилтанд үндэслэн “Эрүүл мэндийг дэмжигч
байгууллагуудын үндэсний сүлжээ”-г санаачлан байгуулж, гишүүн
байгууллагуудад ажлын байранд эрүүл мэндийг дэмжих хөтөлбөр
боловсруулан хэрэгжүүлэхэд нь арга зүйн болон санхүүгийн дэмжлэг үзүүлэн
ажиллаж байна. Одоогоор энэхүү сүлжээнд нийт 185 байгууллага, хүмүүс
элсэхээр бүртгүүлээд байна.
Энэхүү семинарын зорилго нь ажлын байранд эрүүл мэндийг дэмжих
чиглэлээр үйл ажиллагаа хэрэгжүүлж буй төрийн, төрийн бус болон хувийн
хэвшлийн байгууллагууд, бусад оролцогч талуудын дунд хэлэлцүүлэг
явуулж, үндэсний сүлжээ байгуулах замаар тэдний оролцоог идэвхжүүлэхээс
гадна сүлжээний зорилго, зорилт, стратеги чиглэлийг тодорхойлж,
цаашид хийх үйл ажиллагааны төлөвлөгөөг боловсруулах, бүтэц зохион
байгуулалтын асуудлыг шийдвэрлэхэд чиглэгдсэн юм.
Семинарт сүлжээний гишүүн байгууллагуудын төлөөлөл болох хөдөө орон
нутаг, Улаанбаатар хотоос сонгогдсон оролцогчид болон гол оролцогч
талууд болох ДЭМБ, ЭМЯ, ЗГХА-ЭМГ, Нийслэлийн Захирагчийн Ажлын Алба,
МҮЭ, МХАҮТ, ММСС-гийн Эрүүл мэндийн төсөл, төслийн зөвлөх байгууллага
“Epos Health Management” байгууллагын төлөөлөл оролцсон бөгөөд ажлын
байранд эрүүл мэндийг дэмжих чиглэлээр өөрийн байгууллага дээр
хэрэгжүүлж буй болон цаашид хэрэгжүүлэхээр төлөвлөж буй үйл
ажиллагааныхаа талаар танилцуулга хийж, харилцан туршлагаа солилцсон нь
үр дүнтэй болов.
Мөн семинарт ХБНГУ-аас уригдаж ирсэн олон улсын зөвлөх Вольф Кирстен
“Ажлын байранд эрүүл мэндийг дэмжих арга хэрэгслийн багцын танилцуулга”,
“Epos Health Management” байгууллагын олон улсын зөвлөх Таня Гречухина
“Ажлын байранд эрүүл мэндийг дэмжих сүлжээ байгуулах хэрэгцээг үнэлэх,
тулгамдсан асуудлыг тодорхойлох нь”, ЗГХА-Эрүүл Мэндийн Газрын
мэргэжилтэн Ч.Батнасангийн “Монгол улсад ажлын байранд эрүүл мэндийг
дэмжиж буй өнөөгийн байдал, цаашдын хандлага” сэдэвт илтгэлүүд тавьсан
нь нийт оролцогчдын сонирхолд нийцэж, хэлэлцүүлгийг үр дүнтэй, ажил
хэрэгч болгоход бодит дэмжлэг болсон байна.
Та бүхэн 2011 оны 12-р сарын 7-нд (Лхагва гариг) 18.30 цагаас “ТВ-5”
телевизээр “ЭРҮҮЛ МЭНДИЙГ ДЭМЖИГЧ БАЙГУУЛЛАГУУДЫН ҮНДЭСНИЙ СҮЛЖЭЭ
БАЙГУУЛЖ, БЭХЖҮҮЛЭХ ЗАМААР АЖЛЫН БАЙРАНД ЭРҮҮЛ МЭНДИЙГ ДЭМЖИХ НЬ”
Стратеги төлөвлөлтийн семинарын тухай “Хүний төлөө” цуврал
нэвтрүүлгийг үзэж сонирхоно уу?
No comments:
Post a Comment