МЭНДЧИЛГЭЭ

Монгол Улсын хүн амын эрүүл мэндийг хамгаалах хүндтэй, хариуцлагатай эрхэм үйлсэд хоёргүй сэтгэлээр зүтгэж ирсэн эрүүл мэндийн салбарын үе үеийн ахмадууд, эмч мэргэжилтнүүд, нийт ажилтнууддаа эрүүл мэндийн салбарын ажилтны өдрийг тохиолдуулан хувиасаа болон Засгийн газрын нэрийн өмнөөс баярын мэндчилгээ дэвшүүлье.

Манай хамт олон эрүүл мэндийн салбарын ажилтны баярын өдрийг амжилт бүтээлээр арвин угтаж байгааг юуны өмнө тэмдэглэн хэлэхэд таатай байна. Бид 2012 оныг “Эмнэлгийн тусламж, үйлчилгээний чанарын жил” болгон зарлаж, 9 үндсэн зорилт тус бүрийн хүрээнд 9 үйл ажиллагаа төлөвлөж, 81 бүтээлч ажил хийж хэрэгжүүлэн тодорхой үр дүнд хүрч ажилласнаар бүх шатны эрүүл мэндийн байгууллагын тусламж, үйлчилгээний чанарт дорвитой ахиц гарах нөхцөл бүрдэж эхэлсэн.
Монгол улсын хүн амын эрүүл мэндийг хамгаалах, өвчлөлөөс урьдчилан сэргийлэх тогтолцоог бий болгох эхлэлийг тавьсан “Эрүүл хүүхэд” аян, Хавдарын эсрэг үндэсний аян, хөхөнцөр вирүсийн халдвараас урьдчилан сэргийлэх тарилга, хөх, умайн хүзүүний хавдрын эрт илрүүлэг, цусны даралт болон чихрийн шижин өвчний урьдчилан сэргийлэх үзлэгийг орон даяар энэ жил зохион байгуулж, “Эрүүл мэнд эрхэм баян” уриан дор хүн амын эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх сургалтын видео цувралууд бэлтгэн гаргаж, цуврал нээлттэй хэлэлцүүлгүүдийг явуулсан нь чухал ач холбогдолтой үйл ажиллагаанууд болов. “Эрүүл хүүхэд” аяны үзлэгийн хамрагдалт 85 хувьд хүрч, анх удаа 0-18 хүртэлх насны хүүхдийн эрүүл мэндийн байдлын мэдээллийн сантай болж, өвчин эмгэгтэй илэрсэн хүүхдүүдийг эмчлэх ажлыг шат дараатай хийж байна.
Эрүүл мэндийн салбарын ажилтны өдрөөр онцлон дурьдах нэг ажил бол салбарын эрх зүйн орчинг боловсронгуй болгоход хийсэн дорвитой алхамууд юм. Эмч, эмнэлгийн ажилтны цалин урамшууллыг тэдний ажлын үнэлгээ, үүрэг хариуцлага, мэргэшлийн онцлогтой уялдуулан шинэчлэн тогтоож, “Эрүүл мэндийн ажилтанд нэмэгдэл, мөнгөн урамшил олгох журам батлах тухай”, “Эрүүл мэндийн ажилтанд нэмэгдэл хөлс олгох тухай”, төрийн захиргааны болон төрийн үйлчилгээний албан тушаалын ангилал, зэрэглэлийг шинэчлэх зорилгоор “Тогтоолд нэмэлт оруулах тухай” Засгийн газрын тогтоолуудыг тус тус батлуулж, 2013 оноос хэрэгжүүлэхээр боллоо. Эрүүл мэндийн сайд, Сангийн сайдын хамтарсан тушаалаар Өрхийн эрүүл мэндийн төвийн нэг иргэнээр тооцох санхүүжилтийн хэмжээг шинэчлэн баталж, хэрэгжүүлж байна. Төв эмнэлгүүд, тусгай мэргэжлийн төвүүдийг Удирдах зөвлөлтэй болгон нэр, бүтцийг оновчтой болгон шинэчлэн батлав. Өвчнөөс урьдчилан сэргийлэх нийгмийн эрүүл мэндийн үйл ажиллагааг ард иргэдэд хүргэж, ойртуулж ажиллахад анхаарч, өрх, сумын эмнэлгийг өрх, сумын эрүүл мэндийн төв болгосны дээр Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвтэй болж, аймаг бүрт салбар нэгжийг байгуулж байна.
Энэ баярын өдрөөр та бидний бахархан тэмдэглэж байгаа амжилтууд ДЭМБ, НҮБ-ын Хүн амын сан, Хүүхдийн сан болон ММСС-гийн Эрүүл мэндийн төсөл, АХБ-ны Эрүүл мэндийн салбарын хөгжил хөтөлбөр, Глобал сан бусад гадаадын донор байгууллагуудаас манай эрүүл мэндийн салбарт хамтран хэрэгжүүлж байгаа үйл ажиллагаатай салшгүй холбоотой. БНХАУ, Монгол улс хоорондын эрүүл мэндийн салбарт 2012-2016 онд хамтран ажиллах төлөвлөгөөг баталж, Гэмтэл согог судлалын үндэсний төвд Франц улсын төсөл, Хавдар судлалын үндэсний төвд Австри улсын төсөл хэрэгжүүлэх, Солонгос улстай хамтран Үндэсний оношлогоо эмчилгээний төв барих, мөн “Сөүл хөтөлбөр”-ийг хамтран хэрэгжүүлэх ажлуудыг эхлүүллээ.
Төв эмнэлэг, тусгай мэргэжлийн төв болон нийслэлийн 1,3-р амаржих газрын өргөтгөл, нийслэлд 300 ортой Эх хүүхдийн эмнэлэг, хөдөө орон нутагт амаржих газрууд шинээр барих зэрэг томоохон бүтээн байгуулалтыг эрүүл мэндийн салбарт хийж байна.
Цаашид бид эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлдэг байгууллагуудын бүтэц, зохион байгуулалт, үйл ажиллагааны уялдааг хангах, эрх зүйн орчныг боловсронгуй болгох, салбарын санхүүжилтын тогтолцоог өөрчлөх болон эмч эмнэлгийн ажилтнуудын ур чадварыг дээшлүүлж, шинэ технологийг нэвтрүүлэн хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх замаар Монгол улсад оношилж, эмчилж чадахгүй байгаа өвчний тоог бууруулж ажиллах болно.

Та бүгдэдээ ажлын өндөр амжилт хүсэж, эрүүл энх байхын ерөөл дэвшүүлье.

                                                                        МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ГИШҮҮН,
                                                                                                                  ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙД,
                                                                                АНАГААХ УХААНЫ ДОКТОР, ПРОФЕССОР
                                                                                                                     Н. ХҮРЭЛБААТАР

Print Friendly and PDF

No comments:

Post a Comment