ЭМГЭНЭЛ

Монгол улсын хүний гавьяат эмч  Жамцын Хишигсүрэн нь  2012 оны 10-р сарын 13-ны өдөр хүнд өвчний улмаас таалал төгсөж бидэнд нөхөж баршгүй хүнд гарз тохиолоо. 
Талийгаач нь нь   1968 онд АУДэС-ийг “Хүний их эмч” мэргэжлээр төгссөн.  Мэс засал, Чанд авиа зүйн эмчийн нарийн мэргэжил эзэмшсэн.
1970-1973 онд Булган аймгийн Нэгдсэн эмнэлэгт Мэс заслын эмч, 1973-1988 онд Мэс заслын тасгийн эрхлэгч эмч, 1988-1990 онд НЭ-ийн Ерөнхий эмч, 1990-1992 онд аймгийн Эрүүлийг Хамгаалах Газрын дарга, 1992-2001 онд НЭ-ийн Эмчилгээ эрхэлсэн орлогч, 2001-2007 онд Хишиг-Өндөр сумын Сум Дундын эмнэлгийн ерөнхий эмч, 2008 оноос ЭМГ-ын Ахмад настны кабинетийн эмчээр тус тус ажиллаж байсан.


Ж.Хишигсүрэн эмчилгээ оношлогооны шинэлэг аргуудыг  ажилдаа байнга нэвтрүүлж ажиллахын зэрэгцээ орон нутагт бөөр авах, сойх, бөөр давсагны чулуу авах, цөсний уут авах, цөсний сувгийг нээж сэтгүүрдэх, элэг тайрах, дунд чөмөг хадах зэрэг мэс заслын эмчийн өндөр ур чадвар шаардсан хагалгааг амжилттай хийж, эмч хүнд байх өндөр ёс суртахуун хүн чанар, төрөлхийн их мэдрэмж, байгалиас заяасан их авьяас олон зуун  хүний амь насыг аварч. иргэдийн хайр талархлыг хүлээн нутаг нугадаа “Буман үгээр магтсан ч багадах бурхан эмч” хэмээн хүндлэгдсэн билээ.  
 Түүний гавъяа зүтгэлийг ард түмэн, төр засаг өндрөөр үнэлж, Ардын хувьсгалын 60, 70, 80, 90 жилийн ойн медаль,  1971 онд МХЗЭ-ийн Төв Хорооны “Тэргүүний ажилчин залуу” алтан медалиар, VI, VII, VIII  таван жилийн гавшгайч, 1986 онд Эрүүлийг Хамгаалахын “Тэргүүний ажилтан” цол, тэмдэг, 1979, 1982 оны аймгийн ажил мэргэжлийн аварга, 1983 онд БНМАУ-ын ажил мэргэжлийн анхны аварга их эмч цол, 1982, 1983, 1984 онуудад Эрүүл Мэндийн Яамны Хүндэт самбарт зургийг нь  байрлуулан  алдаршуулсан, 1991 онд “ Алтан гадас “ одон, 1999 онд Хатанбаатар Магсаржавын нэрэмжит шагнал, 2001 онд хөдөлмөрийн гавъяаны Улаан тугийн одон, 2007 онд Монгол Улсын “Хүний Гавъяат эмч”  цолоор тус тус шагнагдсан билээ.
Тэрбээр, амьдралынхаа сүүлчийн өдрийг ч түмэн олныхоо тусын тулд зориулж, бусдын төлөө өөрийнхөө амь нас, эрүүл мэндийг золиосолж чадсан, өргөсөн тангарагтаа үнэнч жинхэнэ үлгэр жишээ эмч байлаа.
Эрүүл мэндийн салбарын үе үеийн ажилтан,  хамт олон бид таныхаа ачтай буянтай үйлсийг үргэлжлүүлж, хүний орчлонд хүн шиг хүн байсны тань үлгэр дуурайллаар хүч зоригоо сэлбэж, хэзээ ямагт сайн үйл бүтээхийг хичээх болно.
            Оточ маарамбын хувилгаан дүртэй, олныхоо төлөө л төрсөн бурхан эмч таны   минь гэгээн дүр, алдар гавъяа, ажилч хичээнгүй, нягт нямбай зан чанар, хүнлэг энэрэнгүй сэтгэл, ач тустай үг сургааль  тань бидний зүрх сэтгэлд үүрд мөнх хоногшин үлдэх болно.      

Ум сайн амгалан болтугай.


Print Friendly and PDF

1 comment:

  1. Сайн эмч байсан юм даа. Бурхан ивээг таныг минь

    ReplyDelete