Эрүүл мэндийн салбарт ажиллаж буй
Ерөнхий сайд Н.Алтанхуяг болон Эрүүл мэндийн сайд Н.Удвал, Эрүүл мэндийн
дэд сайд Ж.Амарсанаа нар Сонгинохайрхан дүүргийн Эрүүл мэндийн нэгдэл,
“хүүхдийн” тодотголтой Нэгдсэн эмнэлэгт тус тус очлоо.
Нийслэлийн хамгийн олон буюу 260 гаруй
мянган хүн амтай, тэр дундаа гэр хорооллын иргэн олонтой учраас СХД-ийн
эрүүл мэндийн байгууллагууд стандартаас 2-3 дахин өндөр ачаалалтай
ажилладаг гэнэ. Анхан шатны үйлчилгээний хувьд, тус дүүрэгт өрхийн 29
эмнэлэг ажиллаж, нэг эмнэлэгт 13 орчим мянган иргэн харъяалагддаг нь
улсын хэмжээнд хамгийн өндөр тоо. Харин II шатлалын үйлчилгээний тухайд
Эрүүл мэндийн нэгдэл, Нэгдсэн эмнэлэг гэсэн хоёр том төв дүүргийн
иргэддээ үйлчилдэг. Эрүүл мэндийн нэгдэл нь Баянхошуу, Толгойт зэрэг
алслагдсан хэсгүүдэд харъяа гурван амбулаторио ажиллуулдаг, дотор,
гэмтлийн тасаг нь ачаалал маш ихтэй. Харин Нэгдсэн эмнэлэг нь хүүхдийн
чиглэлээр дагнан Сонгинохайрхан, Баянгол хоёр дүүргийн нийт 130-аад
мянган хүүхдэд хүрч үйлчилдэг. Хүүхдийн эмнэлэг 165 ортой ч оргил
ачааллын үе буюу 12 дугаар сард л гэхэд 220 гаруй хүүхэд хэвтэн
эмчлүүлж, хонгилдоо ч хөл гишгэх зайгүй болдог гэнэ.
Байдал хэдий ийм ч тус дүүргийн эрүүл
мэндийн салбарынхан олон талын ололт дэвшилттэй ажиллаж байна.
Нийслэлийн хэмжээнд хамгийн өндөр буюу жилд 1,5 сая удаагийн
амбулаторийн үзлэг хийж, үүнээс 8000 гаруйг нь хэвтэн эмчилдэг тус
дүүргийнхэн ердөө 0,9-хөн хувийг нь III шатлал буюу үндэсний хэмжээний
төв эмнэлгүүд рүү явуулдаг байна. Тоон дүнгээр, амбулаторийн үзлэгээс
жилд 8000, хэвтэн эмчлүүлэгсдээсээ ердөө 89 хүнийг дараагийн шатлал руу
шилжүүлсэн нь компьютер томографийн нарийвчилсан оношилгоо хийлгэх,
нарийн мэргэжлийн мэс засалд орох гэхчлэн дараагийн шатны эмнэлгийн
үйлчилгээ зайлшгүй шаардлагатай иргэд байсан гэнэ.
“Нэг эмч өдөрт 25-30 хүн үзэх ёстой
байдаг бол манайд энэ тоо 50-аас буудаггүй. Давсан ачаалалтай хэдий ч
бид шатлал хоорондын уялдааг хангасан оновчтой зохион байгуулалт хийвэл
дүүргийнхээ иргэдийг бүрэн хүлээн авч, III шатлалын эмнэлэгт зохиомол
ачаалал үүрүүлэхгүй байх боломжтой” гэж СХД-ийн Эрүүл мэндийн нэгдлийн
дарга А.Эрдэнэтуяа хэллээ.
Дүүргийн эмнэлэгт 2003-2006 онд судалгаа
хийж, тодорхой аргачлал загвар гарган ажилласны үр дүнд доод шатлалын
эмнэлгүүдийг алгасдаг, үйлчилгээний чанар муу гэж шүүмжилдэг байдлыг
ийнхүү халж чадсан байна. Энэ ч утгаараа нийслэлийн хэмжээнд дүүргийн
“загвар” эмнэлгийн түвшинд хүрсэн аж.
Ололт, туршлагаа ийнхүү хуваалцсанаас
гадна шийдвэрлэх шаардлагатай асуудлаар Сонгинохайрхан дүүргийн эрүүл
мэндийн байгууллагуудын зүгээс Ерөнхий сайдад онцлох хэдэн санал
тавилаа. Хүн амын тооноос хамааруулан эмнэлгийн байгууллагын ачааллыг
хуваарилах, нийгмийн эрүүл мэндийн үйлчилгээний тогтолцоог сайжруулах,
төлбөрийг нь төр хариуцдаг эмийн зардлын асуудлыг шийдвэрлэх, дүүргийн
эмнэлгийг Бүсийн төв шиг бүтцээр ажиллуулж, эмчилгээ үйлчилгээг
төвлөрүүлэх, хүн дагасан санхүүжилтийг өөрчлөх, өргөтгөл барилгуудын
ажлыг шуурхайлах, Эрүүл мэндийн сайдын өнгөрсөн оны тушаалаар ажилчдын
цалин хөлсний үнэлгээ өмнөхөөс буурч тооцогдох болсныг эргэн харах,
үргэлжилсэн 8 цагаар ажилладаг эмч, сувилагчдын амралт, цайны цагийг
журмаар зохицуулж өгөх зэрэг саналыг дүүргийнхэн уламжилсан юм.
Эмч, эмнэлгийн ажилтнуудын дэвшүүлсэн
санал, танилцуулсан жишээ туршлага бүрийг энэ долоо хоногт Эрүүл мэндийн
яаман дээр нягтлан ярилцаад тодорхой бодлого шийдвэр гаргахаа Ерөнхий
сайд хэллээ. Тэрбээр “Олон өдрийн турш эмнэлгийн олон шатлалын
байгууллагад ажиллахад иргэд дүүргийнхээ эмнэлгийг алгасч шууд төв
эмнэлгүүдэд ачаалал нэмээд байна, үүнээс болж үндэсний хэмжээний төв
эмнэлгүүд I, II шатлалын эмнэлэгт хийх ажлыг үүрч байна гэсэн
бэрхшээлийг эмч, ажилтнууд хамгийн түрүүнд нэрлэсэн. Гэтэл энэ байдлыг
эрүүл мэндийн салбар дотроо шийдэх боломжтойг СХД-ийнхнээс харж болохоор
байна. Энэ нь хууль өөрчлүүлэх, тушаал гаргуулах, хөрөнгө шийдүүлэх гэж
ярихаас өмнө дотооддоо сэдэл санаачилга гаргах хэрэгтэйн жишээ” гэж
онцоллоо. Тэр дундаа, энэ мэт тооцоо судалгаанд дүгнэлт хийж, үр дүнтэй
арга чиглэлийг бусдад нь нэвтрүүлэх зэргээр дүүргийн эмнэлгүүдээ
зангидан ажиллаж чадахгүй байна хэмээн Нийслэлийн эрүүл мэндийн газрыг
Засгийн газрын тэргүүн шүүмжлээд, эмнэлгийн салбарт олон хоног
ажиллахдаа эмч, эмнэлгийн ажилтнуудыг буруутгах биш тогтолцоонд байгаа
гажуудал түгжрэлийг олж тогтоон, шийдэх гарцыг эрэлхийлэхийг энэ
удаагийн уулзалт дээр Ерөнхий сайд дахин тодотгов. Иймд болохгүй
байгаагаа өмнөх олон жилүүдийнх шиг өмөөрч тайлбарлахаас илүүтэйгээр
олон талын төлөөллөө байлцуулан задалж ярилцаад, загвар болохуйц
ажлуудыг богино хугацаанд нэвтрүүлэн ажиллах ёстой гэв.
Эх сурвалж: www.moh.mn
No comments:
Post a Comment