“Улаанбурхан өвчний тархалтыг таслан зогсоосон” батламжийг албан ёсоор хүлээн авлаа

Монгол улс Улаанбурхан өвчний тархалтыг таслан зогсоосныг баталгаажуулсан батламж”-ийг хүлээн авах ёслол, “Улаанбурхан өвчингүй Монгол” дархлаажуулалтын үндэсний зөвлөгөөн 2014 оны 6 дугаар сарын 26-27-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулагдсан байна.
Манай улс 1973 оноос улаанбурханы эсрэг вакцинаар хүн амаа дархлаажуулж эхэлсэн бөгөөд сүүлийн 4-5 жилд улаанбурхан өвчин бүртгэгдээгүй байна. Тиймээс тус өвчнийг бүртгэгдээгүй эсэхийг лабораторийн тандалтын аргаар судалж баталгаажуулан, тайлан мэдээгээ Номхон далайн баруун эргийн бүсэд хүргүүлсэн. Ийнхүү Бүсийн улаанбурханы устгалтын байдалд хяналт тавих баталгаажуулах хороо 2014 оны 03 дугаар сард хуралдаж, тус хурлын үеэр Монгол улс улаанбурхан өвчний тархалтыг таслан зогсоож чадсан  4 улсын 1 болсныг  баталгаажуулан, батламж гардуулахаар шийдсэн байна.
Олон жилийн хүч хөдөлмөр, хичээл зүтгэл, гаргасан үр дүнг үнэлэн “Улаанбурхан өвчний тархалтыг таслан зогсоосон” батламжийг ДЭМБ-ын Номхон далайн баруун эргийн бүсийн Халдварт өвчин хариуцсан захирал Марк Жакобс батламжийг Монгол улсын Засгийн газарт хүлээлгэн өгөв.
Зөвлөлгөөнд аймгийн ЭМГ-ын дарга С.Нарантуяа, Эрүүл мэндийн газар, Хутаг сумын Сум дундын эмнэлэг, Хялганат  тосгоны Эрүүл мэндийн төвийн дархлаажуулалт хариуцсан мэргэжилтнүүд оролцов.
Хүн амын  эрүүл мэндийг хамгаалах ажил үйлсэд хувь нэмрээ оруулж, амжилт бүтээлээрээ салбартаа тэргүүлсэн Хялганат тосгоны ЭМТ-ийн дархлаажуулалт хариуцсан сувилагч О.Болормаа, Тэшиг сумын ЭМТ-ийн дархлаажуулалт хариуцсан сувилагч  Ж.Амармэнд нар  “Эрүүлийг хамгаалахын тэргүүний ажилтан” хүндэт тэмдэгээр шагнагдсан байна.
Монгол улс түүхэндээ 3 халдварт өвчнийг таслан зогсоож чадсан. Тодруулбал, манай улс 1920 оноос хүн амаа цагаанцэцгийн эсрэг вакцинаар дархлаажуулсан, үр дүнд нь 1940 онд цагаанцэцэг өвчнийг устгасан Азийн анхны орон болж байсан түүхтэй. Мөн 1962 оноос халдварт саа өвчний эсрэг вакцинаар хүн амаа дархлаажуулсан ба үүний үр дүнд 2000 онд саа өвчнийг устгасан батламжийг ДЭМБ-аас хүлээн авч байлаа.

БУЛГАН АЙМГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ГАЗАР
 

Print Friendly and PDF

No comments:

Post a Comment