Аймгийн Засаг дарга, Тамгын газар
1. Монгол улсын Засгийн газрын 2011 оны 108-р тогтоолоор батлагдсан “Халдварт Өвчинтэй Тэмцэх Үндэсний Хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөг Эрүүл Мэндийн Газар, Мэргэжлийн хяналтын албатай хамтран боловсруулж, хэрэгжилтэнд хяналт тавих.
2. Баталгаажилтгүй хүнсний бүтээгдэхүүнийг ил задгай гудамж талбайд эрүүл мэндийн үзлэг шинжилгээнд хамрагдаагүй иргэдийн гар дээрээс худалдаалахыг таслан зогсоох.
3. Сургууль, цэцэрлэгийн нягтралыг багасгах, эрүүл ахуйн норм, нормативийг мөрдүүлэх.
4. Хүн амыг унд, ахуйн хэрэгцээний цэвэр усаар хангах, төвлөрсөн ус хангамжийн усны эх үүсвэрийн орчинд 100 метрээс доошгүй зайд эрүүл ахуйн бүс тогтоох.
5. Орчны болон хөрсний бохирдлыг багасгах, хог, бохир усыг ил задгай асгахгүй байх, хур хог хаягдлыг зайлуулах ажлыг тогтмол хийж, хяналт тавих.
6. Дэвсгэр нутгийнхаа хүн амын дунд бүртгэгдэж байгаа вируст гепатит өвчний тархалтын шалтгаан, нөлөөлж буй хүчин зүйлд эрүүл мэндийн байгууллагын дүгнэлт гаргуулж, өвчлөлийн байдал,тэмцэх,сэргийлэх талаар авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээг Иргэдийн хурлаар авч хэлэлцэн, таслан зогсоох
7. Гэдэсний халдварт өвчнийг оношлох, эмчлэн сэргийлэхэд шаардагдах эм, урвалж бодис оношлуур, голомтын ариутгал халдваргүйтгэл, шавьж мэрэгч устгал, сургалт сурталчилгааны төсөвлөсөн зардлын зарцуулалтанд хяналт тавих.
8. Халдварт өвчинтэй тэмцэх, сэргийлэх ажилд олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх.
Аймгийн Эрүүл мэндийн газар
1. Гэдэсний халдварт өвчинтэй тэмцэх, сэргийлэх ЭМНХС-ын 1999 оны 309 тоот, ЭМС-ын 2002 оны 198 тоот, 2010 оны 102 тоот тушаалын заалтыг хэрэгжүүлэн ажиллах.
2. Гэдэсний халдварт өвчний сэжигтэй хүүхдүүдийг нэг бүрчлэн эмчийн үзлэгт оруулж, эмнэлгийн тусламж үйлчилгээ голомтын арга хэмжээг цаг алдалгүй шуурхай авч хэрэгжүүлэх.
3. Балнадын нян тээгч, урьд өмнө нь балнадаар өвчлөгсдийн судалгааг шинэчлэн гаргаж, хяналтанд авах.
4. Айл өрх, албан байгууллагыг шаардлага хангасан жорлон, бохирын цэгтэй болгох дэс дараалсан арга хэмжээг авч, шавьж, ялаа авгалдайн устгалыг чанартай зохион байгуулах.
5. Өвчлөлийн байдалд дүн шинжилгээ хийж, засаг захиргааны байгууллагадаа мэдэгдэж, усан хангамж, ус, хөрс, хүнсний аюулгүй байдлыг хангуулах асуудлыг тавьж шийдвэрлүүлэх.
Аймгийн Боловсролын газар
1. Сургууль, цэцэрлэгийг хүчин чадалд нь тохирсон хүүхэдтэй байлгах.
2. Хүүхдийн эрүүл мэндийн байдалд эмч, багш нар өдөр бүр ажиглалт хийж, халдварт өвчний сэжигтэй үед хүүхдийг цэцэрлэг, хичээлээс чөлөөлж, өрхийн эмчид үзүүлэх, өвчтэй хүүхэдтэй хавьтал болсон хүүхдүүдэд эмчийн үзлэгийг заавал хийлгэх.
3. Цэвэр усны хангамжийг нэмэгдүүлэх/угаалтуур, суултуурын тоог нэмэгдүүлэх/
4. Хүүхдийн байгууллагын ариутгал, халдваргүйтгэлийн бодис цэвэрлэгээний материалын хангамжийг сайжруулах.
5. Гал тогооны ариун цэвэр эрүүл ахуйн шаардлагыг чанд мөрдөж аяга тавгийг зөв угааж, шарах, буцалгах, жигнэх аргаар ариутгах.
6. Халдваргүйтгэл, шавьжгүйтгэлийг хийлгэх.
7. Хүүхдийн байгууллагын орчны ариун цэврийг сайжруулж, хатуу хог хаягдлыг тагтай саванд хийх, орчиндоо сар бүр цэвэрлэгээг хийх.
8. Хүүхдийг цэвэр, аюулгүй, баталгаатай хоол хүнс, ундны усаар хангаж байгаад хяналт тавих.
9. Хүүхдийн байгууллагын захирал, эрхлэгч, эмч, багш, туслах багш, нийгмийн ажилтан, үйлчлэгч нарт А вируст гепатит, цусан суулга, хоолны хордлогот халдвар, энтеровируст цэврүүт тууралт бүхий стоматит өвчний үед хүүхдийн байгууллагаас авч хэрэгжүүлэх арга хэмжээ, халдваргүйтгэлийн бодисыг найруулах, хэрэглэх халдвар хамгааллын талаар мэдлэгийг сайжруулах сургалтыг ажлын байранд зохион байгуулах.
Халдварт Өвчин Судлалын Үндэсний Төв
No comments:
Post a Comment