З.БАТЗОРИГ: НОГООН ЭДИЙН ЗАСАГ РУУ ХӨГЖЛИЙН БОДЛОГОО ЧИГЛҮҮЛНЭ

    Булган аймгийн Засаг дарга З.Батзоригтой ярилцлаа. “Булганчууд бид ногоон эдийн засагт түшиглэн хөгжихөөр тулгуур салбараа тодорхойлсон. Өөрөөр хэлбэл, ногоон хөгжлийг дэмжсэн аймаг болох юм. Дэлхий нийтийн хандлага ч үүнд чиглэж буй” хэмээн тэрбээр тодотгов.
- Цаг үеийн байдалтай холбогдуулж ярилцлагаа эхэлье. Аймгийн хэмжээнд өвөлжилт хэр байна вэ?
-Өнөөгийн байдлаар өвөлжилт харьцангуй гайгүй байгаа боловч цаашдаа хүндэрч болзошгүй талаар мэргэжлийн байгууллагууд анхааруулж, сэрэмжлүүлж байна. Олон жилийн дунджаас илүү хүйтрэх төлөвтэйг холбогдох албаныхан байнга мэдээлж ирлээ.

 Иргэдийн хувьд бичин жил учраас бэлтгэлээ өөрсдийн хэр чадлаар хангасан. Ялангуяа малчид маань хадлан, тэжээлээ урьд жилүүдтэй харьцуулахад сайн бэлтгэсэн. Энэ нь хүйтэн өвлийг ажралгүй давах итгэл, найдвар болж байна. Өвөлжилтийн бэлтгэл ажлын гүйцэтгэлд Засаг даргын хувьд нэлээд анхаарал хандуулж, цаг тутам явцтай нь танилцаж, чиглэл өгч байсан. Төв суурин болон хөдөө аж ахуйн салбарын өвөлжилтийн бэлтгэл ажлыг аймгийн онцгой комисс хэлэлцээд, 86 хувьтай байна гэж дүгнэсэн. Зарим сумын хувьд өнгөрсөн зун гандуу байсантай холбоотойгоор өвөлжилтийн нөхцөл байдал хүндхэн байна.
-Аймгуудын өрсөлдөх чадварын үзүүлэлтээр Булган аймаг 17 дугаар байранд эрэмбэлэгдсэн. Энэхүү судалгаагаар ажлын байр шинээр бий болгох, хүртээмжийг нь нэмэгдүүлэх шаардлагатай тулгарч байгаа. Тэгэхээр орон нутгийн удирдлагын зүгээс өрсөлдөх чадвараа сайжруулах чиглэлд ямар бодлого баримтлан ажиллах вэ?
-Эдийн засгийн тамир тэнхээ, бизнесийн үр ашиг, засаглал, дэд бүтэц гэсэн үндсэн дөрвөн бүлэг үзүүлэлт бий. Манай аймгийн хувьд дэд бүтэц болон засаглал гэсэн үзүүлэлтээр харьцангуй дээгүүр байрт ордог. Харин бизнесийн үр ашиг, эдийн засгийн тамир тэнхээ тал дээр анхаарал хандуулах шаардлагатай байна. Тиймээс бизнесийн үр ашгийг нэмэгдүүлэх, эдийн засгийн тамир тэнхээгээ сайжруулах чиглэлээр цөөнгүй ажлыг ирэх жилүүдэд хийхээр төлөвлөсөн. Аймгийн Засаг даргын үйл ажиллагааны “Хөгжлийн хөтөч” хөтөлбөрөө хэрэгжүүлнэ. Хөтөлбөрт өрсөлдөх чадвараа дээшлүүлэх хүрээнд хийх ажлууд илүү тодорхой багтсан.
-Эдийн засгийн орон тооны бус зөвлөлийг байгуулсан гэж сонссон. Уг зөвлөл ямар үүрэгтэй ажиллах вэ?
-Аймгийн Засаг даргын дэргэд зөвлөх чиг үүрэг бүхий эдийн засгийн орон тооны бус зөвлөлийг шинээр байгуулсан. Өмнө нь ийм зөвлөл байгаагүй. Бүтцийн хувьд шинэ ойлголт. Тус зөвлөлд орон нутгийн бизнес эрхлэгчдийн төлөөлөл орсон. Уг зөвлөл нь төр, хувийн хэвшил хоорондын хамтын ажиллагаанд гүүр болж ажиллах юм. Өөрөөр хэлбэл, хувийн хэвшилд тулгарч байгаа асуудлыг илүү бодитой зураглана гэсэн үг.
-Тухайлбал, “Хөгжлийн хөтөч” хөтөлбөрт худалдаа, үйлчилгээний салбарт чиглэсэн ямар ажил тусгагдсан бэ. Түүнээс онцлох нэгийг нь дурдаж болох уу?
-“Булган” үйлдвэрлэл, технологийн төвийг байгуулж, үйлдвэрлэл, худалдаа, үйлчилгээний салбарыг төрөлжүүлэн хөгжүүлэхээр төлөвлөж байна. Энэ ажлын хүрээнд орон нутгийн үйлдвэрлэгчдийн бараа бүтээгдэхүүнийг хэрэглэх боломжийг бүрдүүлнэ. Мөн төр болон хувийн хэвшлийн хамтын ажиллагаа, аж ахуйн нэгжийн үйл ажиллагаанд тодорхой түвшинд дэмжлэг үзүүлнэ. Ирэх сард аймагтаа бизнесийн зөвлөлдөх уулзалтыг зохион байгуулахаар төлөвлөж байна. Энэхүү зөвлөлдөх уулзалтын зорилго нь орон нутагтаа гадаад, дотоодын болон төсөл, хөтөлбөрийн хөрөнгө оруулалтыг татах, улмаар бизнесийн хамтын ажиллагааг идэвхжүүлэхэд чиглэж байгаа юм.
-Аймаг болгон өөрсдийн хөгжлийн тулгуур салбараа тодорхойлж байна. Булган аймгийн хувьд аль салбарт найдвар тавьж, илүү эрчимтэй хөгжүүлэхээр зорьж байгаа вэ?
-Манай аймгийн түүхт 80 жилийн ой ирэх 2018 онд тохионо. Түүхэн ойгоо угтан 80 бүтээлч ажил хийхээр төлөвлөн ажиллаж байна. Орон нутгийн зүгээс шинэ санаа, хэрэгжих боломжтой, үр өгөөж сайтай төсөл, хөтөлбөрийг бодлогын хувьд дэмжинэ. Булганчууд бид ногоон эдийн засагт түшиглэн хөгжихөөр тулгуур салбараа тодорхойлсон. Өөрөөр хэлбэл, ногоон хөгжлийг дэмжсэн аймаг болох юм. Дэлхий нийтийн хандлага ч үүнд чиглэж буй. Өнгөрсөн оны сүүлээр аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдээр ногоон хөгжлийн хэтийн зорилтоо батлуулан хэрэгжүүлж эхэллээ. Аймгийн хөгжлийн тулгуур салбарт гурван салбарыг онцолж байгаа. Мал аж ахуй, газар тариалан, аялал жуулчлалыг эдийн засгийн хөгжлийн тулгуур салбараа болгосон. Эдгээр салбарт цаашид түлхүү түшиглэнэ.
Тухайлбал, мал аж ахуйн салбар нь уламжлалт үйлдвэрлэл бөгөөд манай аймгийн дотоодын нийт бүтээгдэхүүний 70 орчим хувийг бүрдүүлдэг. Өнгөрсөн оны мал тооллогын дүнгээр нийт 3.4 сая толгой мал тоолууллаа. Таван хошуу мал төрөл бүр дээрээ өссөн.
-Та бог мал түлхүү өссөн гэлээ. Малчдын хувьд малаа эдийн засгийн эргэлтэд хэр зэрэг оруулж байгаа вэ?
-Малчдын хувьд бод малаа эдийн засгийн эргэлтэд илүү оруулсан байна. Өнгөрсөн 2016 онд нийт 900 орчим мянган толгой мал эдийн засгийн эргэлтэд орж, 100 орчим тэрбум төгрөгийг малчид эргэлдүүлсэн гэсэн судалгааг манай мэргэжилтнүүд тооцож гаргажээ. Энэ нь малчдын амьжиргаанд нөлөөлсөн. Манайхны хийсэн тооцооллоор жилд ойролцоогоор нэг сая орчим толгой мал эдийн засгийн эргэлтэд оруулах ёстой гэсэн судалгаа бий. Манай аймгийн хувьд бэлчээрийн даац 3-4 дахин хэтэрсэн. Үүнийг дагаж хөрсний доройтол үүсээд зогсохгүй цөлжилтийн ул мөр илрэх болсон. Тиймээс малын тоонд бус чанарт анхаарах шаардлага үүсч байна. Цаашдаа бодлогын түвшинд малын чанар, үүлдэр угсаа, ашиг шимийг сайжруулах нь чухал.
-Газар тариалангийн олон жилийн туршлага, үржил шимтэй талбай ихтэй нь булганчуудын давуу тал. Ирэх жилүүдэд газар тариалангийн салбарт ямар дэвшил, өөрчлөлт гарах бүрэн бололцоо харагдаж байна вэ?
-Сүүлийн таван жилийн дунджаар авч үзвэл үр тарианы нэгжийн дундаж ургац нь улсын дунджаас дээгүүр байгаа. Өнгөрсөн онд нийт 53 мянган тонн үр тариа хураан авсан. Энэ нь 1993 оноос хойших хамгийн өндөр үзүүлэлт. Манай аймаг жилдээ 100 гаруй мянган тонн үр тариа хураан авч байсан түүхтэй. Энэ үе бол 1970, 1980-аад оны үе. Ирэх жилүүдэд урьдын амжилтаа батгахаар зорьж байна. Газар тариалангийн үйлдвэрлэлээр манай аймаг улсдаа Сэлэнгэ, Төв аймгийн дараа ордог. Тэгэхээр давуу тал болон боломж байгаа. Нэгж талбайгаас авах ургацын хэмжээг нэмэгдүүлэх ажлыг ОХУ-ын Красноярск мужийн ХААИС-тай хамтран шинэ шатанд хүргэхээр төлөвлөж, хамтын ажиллагаагаа эхлүүлсэн.
-Аялал жуулчлал танай хөгжлийн нэг тулгуур салбар болох нь ээ?
-Тийм ээ. “Үл үзэгдэх экспорт” гэж үздэг тус салбар манай аймагт саадгүй хөгжих бололцоотой. Дэд бүтцийн хувьд ямар ч асуудал байхгүй. Аялал жуулчлалыг эдийн засгийн үр өгөөжтэй, байгальд ээлтэй салбарын нэг болгон хөгжүүлэхээр төлөвлөж байна. Манай аймгийн хувьд байгалийн үзэсгэлэнт газар элбэгтэй төдийгүй анхдагчдын өлгий нутаг гэсэн эерэг сайхан тодотголтой, хүн бүхнийг татдаг. Үүнээс гадна түүх, дурсгалын газар ихтэй. Төрөлжсөн аялал жуулчлал хөгжих нөхцөл нь бий. Тухайлбал, эмчилгээний дотоодын аялал жуулчлал хөгжих бүрэн боломжтой. Аялал жуулчлалын менежментийг сайжруулах шардлагатай байгаа. Энэ чиглэлд үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжийн 96 хувь нь идэвхтэй ажилладаг. Гэхдээ улирлын онцлогоос болж өвөл, хаврын цагт ихэнх нь зогсдог. Тиймээс бүтээгдэхүүн, үйлчилгээнд анхаарах хэрэгтэй байна.
-Төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг сайжруулах шаардлага бий. Энэ хүрээнд ямар зарчим баримтлах вэ?
-Төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг ирэх жилүүдэд илүү эрчимжүүлнэ. Манай аймаг дотроосоо аймаг төрүүлсэн. Тэр нь 100 гаруй мянган хүн амтай Орхон аймаг. Булган аймаг хөгжлийн зарим үзүүлэлтээр сул байгаагийн нэг үндсэн хүчин зүйл нь энэ. Гэхдээ бидний хажууд маш том зах зээл байна. Тиймээс сул талаа давуу тал болгох нь чухал. Орхончууд мах, сүү, цагаан идээ, хүнсний ногоо хэрэглэх нь хамгийн наад захын үндсэн хэрэгцээ. Энэ нь тус аймагтай хил залгаа манай аймгийн дөрвөн сум төдийгүй бидний хувьд том боломж. Тиймээс Орхон аймагтай ирэх дөрвөн жилийн хугацаанд хамтарч ажиллах гэрээг байгуулан ажиллаж байна.
-Танай аймгийн хувьд бусад аймагтай харьцуулахад шилжилт хөдөлгөөн харьцангуй бага байдаг уу?
-Шилжилт хөдөлгөөн харьцангуй тогтворжсон. Сүүлийн жилүүдэд хүн амын тоо өсөн нэмэгдэж байна. Манай аймаг нийт 61.4 мянган хүн амтай. Үүний 58 хувь нь хөдөлмөрийн насны хүн ам.
Манай аймаг нийт 61.4 мянган хүн амтай. Үүний 58 хувь нь хөдөлмөрийн насныхан
-Олон улсын төсөл, хөтөлбөр хэр хэрэгжиж байна вэ?
-Хөрөнгө оруулалтын эх сурвалжаа нэмэгдүүлэх хэрэгцээ, шаардлага их байна. Дан ганц төсвийн хөрөнгө оруулалтад найдах бус олон тулгуурт орлогын бүтэцтэй болох нь чухал. Манай аймаг гадаад, дотоодын төсөл, хөтөлбөртэй хамтарч ажиллахад бэлэн. Азийн хөгжлийн банк болон Дэлхийн банк бусад орон нутгийн хөгжлийг дэмждэг байгууллагатай хамтран ажиллах чиглэлд энэ дөрвөн жилд нэлээд анхаарна. Энэ болгоны цаана ард иргэдийн орлого нэмэгдэж, ажлын байр шинээр бий болж, орон нутгийн хөгжил урагшилж байх учиртай.
-Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх нь ажлын байр шинээр бий болгох, улмаар өрхийн амьжиргаа сайжрах гарцуудын нэг. Танай аймгийн хувьд зэргэлдэх зах зээлд бараа, бүтээгдэхүүнээ нийлүүлэх боломжтойг та тэмдэглэлээ?
-Иргэдийн хувьд нарийн тооцоо, судалгаатай үүнд хандах хэрэгтэй. Зах зээлийн боломжоо маш сайн тодорхойлсон нь ононо. Түүнээс бусдыг даган дуурайх бус өөрийн бизнест шинэ зах зээлийг нээх нь чухал. Аймгийн хэмжээнд жилд бий болж байгаа ажлын байр үндсэндээ эрэлт хэрэгцээгээ хангаж чадахгүй байна. Орон нутагт тулгамдаж буй асуудлын нэг нь ажлын байрны олдоц байдаг. Сүүлийн үед сургууль төгссөн залуучуудын хувьд төрийн албанд орж ажиллах маш их сонирхолтой болсон байна. Өөрт буй боломжоо харах бус зөвхөн төрд ажилд орох нь амьдралын баталгаа мэтээр хандах нь өрөөсгөл. Төрийн албыг чанаржуулах, мэдлэг, боловсролыг нь дээшлүүлэх шаардлага бий. Үүнийг эхлүүлнэ. Төрийн албаны уламжлал шинэчлэлийг хослуулахын зэрэгцээ шийдвэр гаргахад иргэдийн оролцоог нэмэгдүүлэхээр зорьж байгаа. Иргэндээ ойр, мэргэшсэн, тогтвортой төрийн албыг төлөвшүүлэхээр зорьж ажиллана. Ажилгүйдлийн хувь хэмжээ өсөөд байгаа. Эдийн засгийн хүндрэл ч үүнд нөлөөлж байна.
Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх, өрхийн амьжиргааг нэмэгдүүлэх хүрээнд мах, сүү, жимс, жимсгэнэ тариалах чиглэлээр тусдаа хөтөлбөр хэрэгжүүлнэ. Засгийн газраас ч энэ талаар бодлого чиглэлээ тодорхойлоод гаргалаа. Чацаргана тариалах ажлыг энэ оноос эрчимжүүлнэ. Шаардлагатай төсөв, хөрөнгийг нь шийдсэн. Сум болгонд газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд үүнийг тусгаж, иргэдэд чацарганы суулгацыг нь олгоно. Энэ нь нөгөө талаасаа эдийн засгаа тэтгэх ажил болоод зогсохгүй цөлжилттэй тэмцэх аян. Чацаргана болон түүнээс гаргаж авсан бүтээгдэхүүн өндөр үнэтэй төдийгүй ашиг тусаа өгөх боломжтой. Тиймээс иргэдийн хувьд орлогоо нэмэгдүүлэх бодит гарцын нэг.
-Уул уурхайн салбарт хэр уян хатан хандах вэ. Хөгжлийн тулгуур салбараар уул уурхайг сонгоогүй нь анхаарал татлаа?
-Манайх харьцангуй уул уурхай багатай аймаг. Энэ нь нэг талаар манай давуу тал. Өмнөх Засаг дарга нарын үед ч уул уурхайн тал дээр нээлттэй бодлого хэрэгжүүлж байгаагүй. Миний хувьд ч гэсэн энэ зарчим дээр хатуу зогсоно. Бидний хувьд уул уурхайгаас гадна өөр олон боломж бий гэж харж байна. Тиймээс түүнийгээ ашиглах нь чухал. Тэгэхээр цаашид ч уул уурхайгаас Булган аймаг зайгаа барина гэсэн үг.
Аймгийн дотоодын нийт бүтээгдэхүүний 70 орчим хувийг хөдөө аж ахуйн салбарт бүрдүүлж ирсэн. Уул уурхайтай холбоотой гэвэл түгээмэл тархацтай газрын ашигт малтмалыг ашиглах, улмаар үүгээр дамжуулан орон сууцны үнэ буурах нөхцөлийг орон нутагтаа бүрдүүлэх сонирхолтой байгаа. Учир нь манайд элс, хайрга гээд байшин барихад зарцуулдаг барилгын материалын түүхий эд нь байна. Үүнийгээ эдийн засгийн эргэлтэд оруулах шаардлага бий.

Print Friendly and PDF

No comments:

Post a Comment