Дэлхийн
зөн олон улсын байгууллагаас “Булган Хангай нутгийн хөгжлийн
хөтөлбөр”-ийг Булган аймгийн алслагдмал 10 суманд 17 жилийн турш
хэрэгжүүлжээ. Өнөөдөр /2017-09-21/ тус хөтөлбөрийн хамт олон үйл
ажиллагаагаа өндөрлөж, Булган аймгийн Засаг даргын Тамгын газар болон
холбогдох байгууллагуудтай хаалтын хурал хийлээ.
Тус хурлаар Булган
аймагт хэрэгжүүлсэн үйл ажиллагааны тайлан, хөтөлбөрийн хэрэгжилтэд
Дэлхийн зөн олон улсын байгууллагаас хийсэн хяналт, мониторинг,
үнэлгээний багийн тайланг танилцуулсан. Мөн Булган аймагт амжилттай
хэрэгжүүлж ирсэн төслийн арга, аргачлал, бичиг баримтыг хүлээлгэн өгөх,
төслийн цаашдын тогтвортой байдлыг хэрхэн хангаж ажиллах талаарх
мэдээллүүдийг өглөө.Дэлхийн зөн Олон улсын байгууллага-Булган хангай нутгийн хөгжлийн хөтөлбөрийн менежер Б.Ганцэцэг хэлсэн үгэндээ “Зорилтот 10 сумдад хүлээлгэн өгч буй хөгжлийн үйл ажиллагааг орон нутаг тогтвортойгоор үргэлжлүүлэн авч явна” гэдэгт итгэл дүүрэн байгаагаа илэрхийлсэн юм.
“Булган Хангай нутгийн хөгжлийн хөтөлбөр” нь өнөөдрийг хүртэлх хугацаанд дараах төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлэн ажиллажээ.
- Малжуулах төслөөрөө 2113 өрхийг нийт 66,202 толгой малаар малжуулсан. Уг төсөл нь гурван жилийн хугацаанд дараагийн малчин өрхөд эргэн төлөгдөх нөхцөлтэйгөөр шилждэг. Одоогийн байдлаар эргэн төлөлтийн хугацаа нь болоогүй 540 өрхөд 16,634 толгой мал байна.
- Хүүхэд хөгжлийн төвийг зорилтот сумдад ажиллуулсан бөгөөд нийт 183,980,457 төгрөгийн үнэ бүхий барилга, сургалтын хэрэглэгдэхүүнийг таван суманд хүлээлгэн өглөө.
- Эдийн засгийн төслөөр дамжуулан фермерийн аж ахуй эрхлэлтийг дэмжих ажлын хүрээнд зорилтот долоон суманд эргэн төлөлттэй нөхцөлөөр үнээний фермийг хүлээлгэн өгсөн байна. Уг төсөл нь дөрвөн жилийн дараа дараагийн бүлүүдэд тоо ёсоор хүлээлгэн өгөх хөтөлбөр юм.
Эдгээр төслүүдийг Булган аймгийн
хөгжлийн зөвлөлийн хяналт дор цаашид тогтвортойгоор хэрэгжүүлэх үүргийг
хүлээн харилцан гарын үсэг зурлаа.
Мөн Булган Хангай нутгийн хөгжлийн
хөтөлбөрөөс ажлын хэрэгцээнд хэрэглэж байсан 35 сая төгрөгийн үнэ бүхий
Land cruiser -78 маркийн автомашиныг Булган аймгийн нэгдсэн эмнэлгийн
түргэн тусламж үйлчилгээний тасагт хүлээлгэн өгсөн юм.
No comments:
Post a Comment